Сагсан бөмбөгийн ДАШТ-ий “Бэлгэдлийн баг”-т нэрлэгдсэн О.Хулан гэж хэн бэ?

Сагсан бөмбөгийн ДАШТ-ий “Бэлгэдлийн баг”-т нэрлэгдэж, Дэлхийд чансаагаараа 7-р байрт эрэмбэлэгдсэн Онолбаатарын Хулан гэж хэн бэ?

Тэрбээр 1999 оны 7-р сарын 27-нд нийслэл Улаанбаатар хотод мэндэлсэн. Түүний ах мөн сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчин О.Энхбаатар юм.

2017 онд Монгол улсын их сургуульд элссэн цагаасаа сагсан бөмбөгийн спортоор хичээллэж богино хугацаанд өөрийн чадвараа ахиулж үндэсний шигшээ багийн тамирчин болсон билээ.

Анх “Шонхорууд” багт тоглож эхэлсэн тэрбээр оюутны лигийн шилдэг тамирчдын нэг болж, ирээдүйтэй тамирчин гэдгээ таниулж чадсан юм. Хэдхэн жилийн дотор Монголын сагсан бөмбөгийн шигшээ багт багтаж, саяхан нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан ФИБА 3х3 ДАШТ тэмцээний хэсгийн сүүлийн тоглолтын нэмэлт цагт хожлын шидэлт хийсэн нь тэднийг сагсан бөмбөгийн Дэлхийн аваргын мөнгөн медаль хүртэж, шинэ түүх бичихэд маш том үүрэг гүйцэтгэсэн.

Мөн “Токио-2020” олимпын наадмын тугчаар Монгол улсыг төлөөлөн сонгогдож байсан бөгөөд тухайн жилдээ багийнхаа хамгийн залуу тамирчин байжээ. О.Хулан 23 нас хүртэлх насны ДАШТ-ий тавдугаар байрын шагналтайгаас гадна Малдив улсад болсон Азийн клубүүдийн АШТ-ээс ахтайгаа хамт медаль хүртэж байсан. Мөн хоёулаа MGL3X3 сагсан бөмбөгийн тэмцээнд түрүүлж байсан шилдэг сагсчид юм.

О. Хулан нь өнгөрөгч 2024 онд БНХАУ-ын дээд лигт сонгогдсон нь Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй тамирчдаас гадны улсад тоглосон анхны мэргэжлийн тамирчин болсон.

 Дөнгөж 26 настай түүний ирээдүй улам гэрэлтэй, амжилт бүтээлээр дүүрэн байна гэдэгт сагсан бөмбөгийн спортод хайртай хэн бүхэн итгэж буй.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.