Өнөөдөр Олон улсын спортын сэтгүүлчдийн өдөр тохиож байна.
Анх 1924 онд Францын Парис хотноо AIPS буюу Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоог байгуулжээ. Тус холбоог байгуулсны 101 жилийн ой энэ өдөр тохиож байна. Харин Монголд 1990 онд Спортын сэтгүүлчдийн холбоог анх байгуулж, 1992 онд Унгарын Будапешт хотноо болсон AIPS-ны 55 дугаар их хурлаар гишүүнээр элссэн билээ.
Тэгвэл 1995 оны долоодугаар сарын 2-ноос эхлэн Олон улсын спортын сэтгүүлчдийн өдрийг дэлхий даяар албан ёсоор тэмдэглэж байна. Энэ өдрийг дэлхийн улс орнууд харилцан адилгүй тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд Монголын спортын сэтгүүлчид жил бүр спортоор өрсөлддөг уламжлалтай. Тодруулбол, өнөөдөр буудлага спортын холбоотой хамтран буудлагын тэмцээн зохион байгуулах юм.
Энэ өдөр Азийн Спортын сэтгүүлчдийн холбооны 26 дахь удаагийн чуулган Хонконгт үргэлжилж байна. Үүнд Азийн холбооны гишүүн 29 орны спортын сэтгүүлчдийн төлөөлөл оролцож байгаа бөгөөд манай улсаас спортын сэтгүүлчдийн холбооны хүндэт ерөнхийлөгч Ч.Отгонбаатар, ерөнхийлөгч Б.Цагаанбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Батжаргал оролцож байна. Энэ үеэр Азийн спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгчийн зөвлөх, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны дөрөв дэх ерөнхийлөгч Ч.Отгонбаатар Монголоос анх удаа Азийн спортын сэтгүүлчдийн холбооны дээд шагнал болох “Азийн Спортын сэтгүүлчдийн холбооны алдартан” цомоор шагнуулжээ.

