Энэ жилийн намрын “Номын баяр”-ын хамгийн хүндтэй шагнал “Мэргэн ном” цомын эзнээр Монгол Улсын хөдөлмөрийн баатар Чинагийн Галсан тодорлоо.
Түүний 1988 онд бичсэн “Хөх тэнгэр сонсож бай” роман энэ онд эх хэлээрээ хэвлэгдэж, уншигчдын талархлыг хүлээсэн юм. Анх герман хэлээр 1988 онд бичиж, 1997 онд “Der blaue Himmel” нэрээр хэвлэгдсэн бөгөөд зохиолчийн хамгийн олон буюу 15 хэлээр хэвлэгдсэн бүтээл юм.
Энэхүү шагналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар гардуулж, “Уншдаг, судалдаг ард түмэн урагшлан хөгжиж дэвшдэг. Хүн бүр өдөрт таваас доошгүй хуудас уншдаг больё хэмээн уриалгыг дэвшүүлсэн. Өдөр болгон хүн бүр уншицгаая” гэж уриалав.
Үүнээс гадна номын нүүр хуудаст шинэ технологи нэвтрүүлсэн “Аргун Холдинг” хэвлэлийн газарт “Номын ертөнцийн гавьяатан”-аар тодруулсан бол номын соёлыг түгээх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан “Номын жор” клубыг “Мэргэн уншигч”-аар тодруулж, батламж гардууллаа. Үүнээс гадна “Дэм авьяастан” сургалтын төвийн төгөлдөр хуурын багш, Монгол Улсын гавьяат багш Д.Наранцацрал болон түүний шавь нар, мөн “Номын ертөнц” клубын сурагчдад бэлэг, дурсгалын зүйл гардууллаа.