ОБЕГ: Түймэр, усны ослоос урьдчилан сэргийлэхэд иргэн бүрийн оролцоо чухал

Ой хээрийн түймэр, гол усны ослын нөхцөл байдалтай холбоотойгоор Онцгой байдлын ерөнхий газраас /ОБЕГ/ иргэдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өглөө. 

Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр  2025 оны долоодугаар сарын 7-ны байдлаар 12 аймгийн 26 суманд 42 удаагийн ослын тохиолдол бүртгэгдэж, 26 иргэн амь насаа алдсаны 8 нь хүүхэд байжээ. Ослын гол шалтгаан нь бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхих, иргэдийн хайхрамжгүй үйлдэлтэй холбоотой тул амралт, аялал зугаалгын үеэр мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг дагаж, эрсдэлээс сэргийлэхийг уриалав.

Мөн өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 13 ой, хээрийн түймэрт 260 орчим хүн, 13 автомашинтайгаар ажиллаж байна. Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудад гарсан 2 түймрийг цурманд оруулаад байгаа бол Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр суманд гарсан 11 ойн түймрийн галыг унтраахаар ажиллаж байгаа ба эдгээр түймрийн 8 нь өчигдөр буюу долоодугаар сарын 6-нд бүртгэгджээ. Ихэнх нутгаар хуурайшилт ихтэй байгаа энэ үед иргэдийг сонор сэрэмжтэй байж, галын аюулгүй байдлыг хангаж ажиллахыг анхаарууллаа.

Нэмэлт зөвлөмж: 

• Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх

• Гол, нуурын ойролцоо аюулгүйн бүсийг баримтлах

• Түймрийн аюултай үед ил гал түлэхгүй байх

• Онцгой байдлын ерөнхий газрын сэрэмжлүүлэг зааврыг дагахыг ОБЕГ-аас зөвлөж байна.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.