УХААНЫ УНДРАГАТАЙ УЛСЫН САЙН МАЛЧИН

  Улсын сайн малчин, улсын тэргүүний анчин, аймгийн алдарт уяач Очирын Ванданцэрэн Өндөр-Улаан сумын Азарга багийнх.Эхнэр Оросоогийн Амаржаргал алдарт эх, ХАА-н тэргүүний ажилтан, манлай малчин  эмэгтэй.Тэд мал аж ахуйн салбарт 50-иад жил хөдөлмөрлөж буй ажил, амьдралын арвин туршлагатай, уяачийн өв соёлыг тээж, түгээн дэлгэрүүлж яваа юм.

 Та хоёрын  бага, залуу  насны  дурсамжаас ярилцлагаа эхэлье ?

О.Ванданцэрэн : Би 2 эгч,1 ахтай. Аав Өндөр-Улааных.Ээж Жаргалант сумынх. Нагац өвөөгөө дагаж,Жаргалант сумын сургуульд сурч,боловсрол эзэмшсэн. Аав, ээж хоёр маань Өндөр-Улаан сумын нэгдэлд мал малладаг байсан. Аавтайгаа хамт нэгдлийн мал маллаж эхлээд,1981 онд эхнэртэйгээ гэр бүл болж, 30-аад толгой малтай эцгийнхээ гал голомтоос  өрх тасарч байлаа.

О. Амаржаргал : Би арван хүүхэдтэй айлын 5 дахь нь.Аав маань эрт нас барсан тул нэгдлийн саальчин байсан ээждээ туслангаа багаасаа мал маллах арга ухаанд суралцсан. 8-р ангиа төгсөөд, техник мэргэжлийн сургуульд элсэж, ус хангамжийн мэргэжил эзэмшсэн.Улсын их дэлгүүрт 2 жил гаран ажиллаад, зуны амралтаараа  нутагтаа ирээд, ханьтайгаа танилцаж, гэр бүл болсон.

Идэр залуу насандаа хэрхэн хөдөлмөрлөж, ямар амжилтууд гаргаж байв?

О.Ванданцэрэн : Хүүхдүүд тусад ороогүй жаахан. Хүнбүр нэгдлээс өгсөн төлөвлөгөө нормоо биелүүлэх гээд  дор дороо ажилтай. Одоотой адил туслах малчинажиллуулна гэсэн ойлголт байсангүй. Отор нүүдэл хийх, хадлангаа авах, хашаа саравчаа барих, засан  сэлбэх,өтөг бууцаа хашиж нөөцлөх, сур элдэж тоноглол хэрэгслээ хийх, ангийн нийгэмлэгийн гишүүн тул  ангийн төлөвлөгөөгөө биелүүлэх, морь малаа уналга эдэлгээнд сургах, ноослох, түлш түлээгээ бэлтгэх гээд  эрт босч, орой унтаж, залуу насны эрч аагаар борви бохисхийх завгүй л хөдөлмөрлөдөг байлаа.Тэр үед  ажил  хөнгөвчлөх багаж техник байсангүй, өвс хадсан ч гараар, отор нүүдэл хийсэн ч ердийн хөсгөөр. Жилд 40-50 тн  хадлан хадаж, сум аймгийн аварга хадланч болж, ноос, ноолуурын төлөвлөгөөгөө ч  давуулан биелүүлдэг байсан. Хавар 5 сард тууварт малаа тушаахад, амьдын жингийн үзүүлэлт байнга өндөр жинлэгдэнэ.Тэр үед амжилтыг үнэлж  баярын бичиг, сайшаалын үнэмлэх  олгож, ховор бараагаар шагнадаг байлаа. Ерээд оны хувьчлалаар гэр бүлийнхээ гишүүдэд оногдох хэмжээгээр мал авч маллаад, малын тоо толгойгоо өсгөсөн. Бас мал худалдаж авч байсан. 2002 онд мянгат малчин, 2004 онд  сумын сайн малчин, 2006 онд аймгийн сайн малчин болсон. 2013 онд малын тоо толгойгоо 2 мянгад хүргэж өсгөсөн. Идэр залуу байхад бусдад тусалъя, мэдье, би чадна гэсэн оргилуун хүсэлтэй байж дээ.

О. Амаржаргал : Хүүхдүүд маань ойр ойрхон гарчихсан, хань маань надад туслах завгүй, их ажилтай тул гэрт орж эм, гадаа гарч эр болно гэдэг шиг л гэр бүлээ сайн сайхан авч явахын төлөө амсхийх завгүй хөдөлмөрлөдөг байлаа. Үнээгээ өдөрт 2 удаа саана.Гүүсааж, айргаа хийнэ. Хонь ямаагаа холбож, саана. Идээ цагаагаа боловсруулна. Дээл хувцасаа ч оёно. Би зөөлөн үйлээ, нөхөр маань хатуу үйл буюу  монгол бас буриад гутал оёдог байсан.90-ээд оны эхэн үед  буриад гутал моодонд орж байлаа. Бидний үед бэлэнчлэх сэтгэлгээ байсангүй, бараа таваар ч ховордуу байж.Хүүхдүүдээ өсгөхөд ээж аав маань их тус, дэм болсон.

Хичнээн хүүхэд төрүүлж, өсгөв? Хүүхдүүдээс нь малч удмыг өвлөсөн үү?

О.Ванданцэрэн: Манайх 6 хүү,1 охинтой.Таван хүү малчин. Нэг хүү УБ хотод хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Охин Өмнөговь аймагт амьдардаг. Хүргэн маань уламжлалт эмчилгээний эмч бөгөөд тэнд  хувийн эмнэлэг байгуулаад, хамт ажилладаг. Хүүхдүүд миньсайн сайхан амьдарч байгаад баярлаж, санаа зовох зүйлгүй, сэтгэл амгалан байх юм.

 Яагаад ан агнах болов ? Хэдэн онд улс тэргүүний анчин болов? 

О.Ванданцэрэн : Авга ах Төмөр маань анчин хүн байсан. Ахдаа тусалж, зурамны нүхэнд ус цутган агнаж,тарваганд хавх тавьдаг  байсан. 1980 онд ангийн нийгэмлэгт гишүүнээр элссэн. Нийгэмлэгийн гишүүнджилд  гахай, турагнаас эхлээд 200-300 кг ангийн махны, 250 толгой тарвага агнах, жирх, зурам, үнэг, шилүүс гээдүслэг ан, шувуу агнах норм, төлөвлөгөөг худалдаа бэлтгэлийн ангиас өгнө.Төлөвлөгөөгөө биелүүлсэн тул ховор бараанаас хүссэнээ авах эрхтэй байсан. 2000 онд улсын тэргүүний анчин болсон. 

О. Амаржаргал : Агнасан тарвагыг нь би өвчиж,арьсийг нь дэлгэж хатаана, хурааж, цэгцлэнэ. Их л нямбай өвчихгүй бол эсгэж, цоолсон арьс гологдоно. Чанарын хяналт гэдэг чухал байлаа тэрүед. Тарваганы махны өөхийг нь шахаж, гарсан тосыг нь нэгдэлдээ тушаадаг байсан. 

Хэдэн онд улсын сайн малчин болов? Энэ амжилтанд хүрэхэд эцэг эхийнхээ малч ухаанаас гадна хэнээс, хэрхэн суралцав ?

 О.Ванданцэрэн: 2013 онд улсын сайн малчин болсон.Миний авга, улсын аварга малчин Лхамхүү ахынхаа туршлагаас  суралцсан. Бас радио сонсож, сонин уншиж, мэдсэн, дуулсанаа хэрэгжүүлсэн. Хурал, зөвлөгөөнд идэвхитэй оролцож, тэнд яригдсан зүйлүүдээс ч санаа авч, ажил хэрэг болгосон.

О. Амаржаргал : Миний ах Даваадорж мянгат малчин байсан. Бид 2 хоёулаа сайн малчдын удмын хүмүүс. Сайн хүмүүсийг дагаж, их зүйлийг сурсан.

 Таны мал маллах онцлох арга буюу туршлагаасаа яривал ?  

  О.Ванданцэрэн: Шим сайтай ургамал, ус элбэгтэй нутагт отроор очиж, малаа таргалуулна. Хужир, шүүгээр хангана. Зун авсан таргыг намар нь хайлуулахгүйн тулд өглөө эртлэн бэлчээрт нь гарган, нар ээгээд, халуун эхлэх үед өндөрлөг, сэрүүвтэр газарт тогтооно. Малыгүргээж цочоохгүй, хөөж туухгүй, мориор хариулах нь чухал. Өвс тэжээлээ сайн нөөцөлнө. Хониныхоо өтгийг хашаалаад хураачихна. Хураасан өтгөнд зуны халуунд гараа шургуулахад  халсан байдаг. Энэ халуун орчинд өтгө бууцанд  байгаа нян, бактери устаж, ариутгагдаж байгаа хэрэг.Өвлийн цагт энэ нөөцөлсөн өтгөө малынхаа хэвтэрт хэрэглэнэ.Хүйтний улиралд малыг оройтож усалж болохгүй. Энэ нь мал дотроосоо хайрагдах, өдрийн авсан өл нь шингэхгүй байх  муу талтай. Дунд идэш, дулаан хэвтэр гэдэг нь их оносон үг. Сэлэнгээс  махны чиглэлийн бух, Хөвсгөлөөс ноолуурын чиглэлийн ухна, Цэцэрлэг сумаас махны сайн үүлдрийн хуц авчирч, хээлтүүлэн малынхаа ашиг шимийг нэмэгдүүлсэн.Төллөсөн, төллөөгүй бог малаа ангилан хийдэг ихэр хашаа гэдэг шинэ санааг хэрэгжүүлсэн.

Уяачийн эрдэмд суралцсан тухайгаа? Энэ өв соёлыг түгээн дэлгэрүүлэхэд ямар хувь нэмэр оруулж байна вэ ?

О.Ванданцэрэн : Нутгийн ах Цэндээ уяачид тусалж, түүнийг дагаж морь уяж эхэлсэн.1990 онд хурдан удмын азарган үрээ худалдаж аваад уяж сойсон. Энэ маань нэгдлийн 1991онд 50 жилийн ойн баяр наадамд түрүүлсэн. Дараа жил нь Эрдэнэмандал сумын 70 жилийн ойн баяр наадамд бас түрүүлсэн. Эндээс их урам авч, морь уях сонирхол улам лавширсан.Унаж яваа машинаараа, 100 толгой малаар ч хурдан удмын адуу худалдан авч байлаа. Улсын сайн малчин болоход УИХ-н гишүүн Тэмүүлэнгийн аав Ганзориг гуай амжилтыг минь мялааж, хурдан удмын үрээбэлэглэсэн.Энэ хоёр хурдан буянгуудын үр төл өнөөг хүртэл хурдалж байна. 2005 онд аймгийн алдарт уяач болсон. Хоёр хүү маань аймгийн алдарт уяач. Эрэгтэй ач нар бүгд л хурдан морь унаж, морины өв соёлоос суралцаж байна. Азарга багийнхаа уяачидтай нэг гал болж, дэмжин ажилладаг. Морь уядаг бусад залуучуудад ч  зөвлөгөө, сургамжаа хэлдэг. СумынхааМСУХ-ны тэргүүлэгч, “Азаргын хүлэг” галын тэргүүн.

  Уяачийн гэргий байхын сайхан нь бас хэцүү нь ?

О. Амаржаргал: Ханийн маань, хүүхдүүдийн минь уяж сойсон морьд түрүүлж, айрагдаад ирэхэд өөрийн эрхгүй л огшоод, баярлаад, сэтгэлийн цэнгэл эдэлнэ гэгч л болно. Хүүхдүүд бүгд айл гэр болж, мал ахуйгаа өвлүүлж өгөөд, бэрүүд маань байгаа болохоор арын ажилдаа санаа зовохгүй болсон. Иймд хаана л баяр,наадамтай гээд манайхан явна, хэд хоногоор ч хамаагүй дагаад л явдаг. Хүүхдүүд “Ээж холын замд ядарчихна,яваад яахав ээ” гэдэг ч  гэрт үлдэхээр догдлоод, сууж чаддаггүй. Хамт яваад, хоол ундыг нь хийнэ, асар майхныг нь манана, хувцас хунарыг нь янзалж, цэгцлэнэ гээд энэ хэддээ дэм болноо.Уяачийн хөдөлмөр амар биш. Шүрүүн мөндөрт нүдүүлж, хүчтэй аадарт  норж,халуунд нь халж, хүйтэнд нь хөрч, тэсвэр тэвчээр, хатуужил гэдгийг багаас нь мэдрүүлдэг, хүнийг хүмүүжүүлэх ухаан юм.

Залуу малчид, бас уяачдад хандаж юуг зөвлөмөөр байна вэ? 

О.Ванданцэрэн: Малын тоонд биш, чанарт анхаарах нь чухал. Байгаль, цаг уур ч ийм байхыг дохиолоод байна.Морио унаж, малаа хариулах, ердийн хөсгөө сэргээж ашиглах хэрэгтэй. Энэ нь түлш, шатахууны зарлагагүй,өрхийн эдийн засагт ч хэмнэлттэй. Морь уралдаж байх үед хүнтэй хэрэлдэж, муудалцаж болохгүй.

О. Амаржаргал Одоо цагт  мөнгө л байвал бүх зүйл бэлэн болж. Хэт бэлэнчлэх нь хүнийг залхуу болгоно.Залхуу нь ихэдвэл, амьдрал нь дэвжиж, дээшлэхгүй. Малынхаа саалийг бүрэн ашиглах хэрэгтэй санагддаг.

Охин В.Отгонцэцэг : Аав ээжээрээ үнэхээр ихбахархдаг. Хүүхдүүдээ эрүүл саруул өсгөж, хөлийгдөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэж, зөв хүн болгожхүмүүжүүлнэ гэдэг агуу их хөдөлмөр. Намайг жаахандаав минь үүрийн гэгээнээр босч, буугаа үүрээд, мориоэмээлээд, адуундаа явдаг нь, ээж минь бас л эртлэнбосч өрмөө хамж, таргаа бүрж, тогоогоо нэрчихээд,үнээгээ саахаар гардаг нь сэтгэлд тодхон үлджээ. Бидэнд бусдад тустай, баян ядуу гэж ялгахгүй, ижилтэгш харьцаж, ямарч ажлыг голохгүй, нямбай хийхийгзахиж, өөрсдөө үлгэрлэн сургаж, хүмүүжүүлсэн. Ээж, аавынхаа дундрашгүй их хайранд нь хайрлагдаж, ухааны ундрагаар нь сайн хүмүүс болцгоосон нь их хувьзаяа гэж боддог.Та хоёртоо эрүүл энх байж, урт удааннаслахыг хүсэн ерөөе.  

  • Ярилцсанд баярлалаа. Урт насалж, удаан жаргаарай.

Орон нутаг дахь сурвалжлагч Л. Цэвэлмаа 

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.