Архангай аймгийн Өндөр-Улаан сумын эмэгтэйчүүдийн зөвлөлийн Бэлхи багийг хариуцан ажилладаг, аймгийн аварга малчин, 2024 оны сумын “Шилдэг залуу гэр бүл”-ийн эзэн, хөдөлмөрч бүсгүй Ц.Дайриймаа орон нутгийн хөгжил, эрүүл хэрэглээний төлөө үлгэрлэн ажиллаж байна.
Тэрбээр айл бүрт тулгамддаг хуванцар савны хэрэглээг бүрэн халж, сүү цагаан идээгээ зөвхөн хүний биед хоргүй, эрүүл мэндэд ээлтэй эко сав суулганд хадгалах, боловсруулах арга барилыг амьдралдаа нутагшуулжээ. Энэ хүрээнд “Бумбар” нэрийн бүтээгдэхүүн зах зээлд гарлаа
Ц.Дайриймаа нь бүх төрлийн цагаан идээг хэрэглэгчийн хүссэн нэр төрөл, хэмжээгээр савлан, өөрийн нэрийн “Бумбар” хаяг шошготойгоор худалдаалж эхэлсэн нь сумын иргэд төдийгүй гаднаас ирэх захиалагчдын анхаарлыг татаж байна.
Байгаль орчны бохирдол, хуванцар савны хор хөнөөлийг бууруулахын төлөө манлайлан ажиллаж, өөрийн амьдралаар үлгэрлэж яваа Ц.Дайриймаа нь “Хуванцар хэрэглээгүй сум”-ын зорилго, уриалгад хамгийн идэвхтэй нэгдэж буй манлайлагч эмэгтэй юм.



Орон нутаг дахь сурвалжлагч Л.Цэвэлмаа
