Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Азарга багийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүлэгч, баг хариуцсан менежер Ч.Эрдэнэзаяа нь хуванцарын хэрэглээг халж, байгальд ээлтэй, уламжлалт хэрэглээгээ сэргээн хэрэгжүүлж буй манлайлагч эмэгтэйчүүдийн нэг юм. Тэрээр эко хэрэглээг өдөр тутмын амьдралдаа бүрэн нутагшуулжээ.
Ч.Эрдэнэзаяа нь ахуйн хэрэглээндээ хуванцар сав, гялгар уутыг бүрэн халж, сүү цагаан идээ хадгалах, боловсруулах сав суулгаа хүний биед хор нөлөөгүй, байгальд ээлтэй материалаар бүрэн шинэчилсэн байна. Тэрээр өрөм, зөөхий, ааруул, ээзгий зэрэг уламжлалт идээгээ малын гүзээ, олгой болон даавуун уутанд хадгалж, гялгар уутнаас бүрмөсөн татгалзсан нь олон хүний талархлыг хүлээгээд байна.
Мөн шимийн архи, шар сүүний ундаа, шар тос зэрэг бүтээгдэхүүнээ зөвхөн шилэн савлагаатайгаар хэрэглэгчдэд хүргэдэг нь түүний байгальд ээлтэй амьдралын хэв маягийг илтгэх нэг жишээ юм.
Ч.Эрдэнэзаяа нь хийсэн бүх цагаан идээгээ “Цагаан Эрдэнэ” нэрийн дор, нэр төрлөөр нь ялган шошголж, хэрэглэгчийн хүссэн хэмжээгээр савлан, багцлан худалдаалж байна. Уламжлал, экологийн тэнцвэрийг хослуулсан түүний энэ санаачлага орон нутгийн олон гэр бүлд үлгэр дуурайл болж байгаа юм.




Subeedei.mn сайтын орон нутаг дахь сурвалжлагч Л.Цэвэлмаа
