Түргэн моодны эсрэг Тойрог

Шүүгээнээсээ хувцас шүүрээд “энэ ч одоо моодноос гарсан даа, хуучирсан даа” гэж бодоод хогийн сав руу хийсэн үе танд бий юу? Тэр хогийн сав руу орсон хувцас тань нэг жилд дэлхийд  хаягддаг 92 сая тонн хувцасны хог хаягдлын нэг хэсэг болдог. Энэхүү асар их хаягдлын эсрэг зогсож, хүмүүсийн дундах хуучин хувцасны талаарх хэвшмэл ойлголтыг шинэчлэхээр зорьж буй “Тойрог” дэлгүүрийг энэ удаагийн сурвалжилгаар онцолж байна

Дэлхий дахинд тулгамдаж буй асуудал

Хувцасны хог хаягдал бол дэлхийд гуравдугаарт ордог том хог хаягдал юм. Хүн жилд дунджаар 37 килограмм хувцас хаядаг. Энэ нь дэлхий дахинд түгээд буй фаст фейшний сөрөг үр нөлөө юм. Фаст-фешн гэдэг нь загвар хурдан өөрчлөгддөг, хямд үнэтэй, богино хугацаанд их хэмжээгээр үйлдвэрлэж борлуулдаг хувцасны систем. Гэвч эдгээр хувцаснууд хямд, нийлэг материал (полиэфир, нейлон) ашиглаж хийгддэг ба эдгээр материал нь хөрсөнд шингэхэд 200 жил шаардлагатай байдаг. Зөвхөн энэ ч биш нэг хос жинс үйлдвэрлэхэд дунджаар 7,500–10,000 литр ус зарцуулдаг. Энэ нь нэг хүний 10 жилийн уух усны хэмжээтэй дүйцэхүйц тоо юм. Уг асуудлыг шийдэх томоохон гарцын нэг бол хувцасны солилцоо, хандивын систем юм.

Тойрог – Хувцасны шинэ эзэндээ очих гүүр

Хэрэгцээгүй  болсон цамц, өмд, пальто… Тэдгээр хувцаснууд нь “Тойрог”-ийн залуусын гараар дамжин шинэ эзэндээ очиж, дахин амь ордог. Тус дэлгүүрт зарагдаж буй хувцас, хэрэгслийн 80-90 хувь нь монголчуудаас ирдэг. Гадны улсаас хуучин хувцас бөөндөж оруулдаг уламжлалт комиссын бараанаас ялгаатай нь, тэд монгол хүмүүсийн хэрэглэхээ больсон хувцсыг дахин ангилан, ариутгаж цэвэрлэн заримыг нь борлуулж, заримыг нь материалыг нь ашиглаж өөр загварт оруулан шинэчилж борлуулдаг. Энэ нь нэг талаас дотоодын хэрэглээний хог хаягдлыг багасгаж, нөгөө талаас нийгмийн дунд эргэлт үүсгэж, хүн бүр хандивлагч, хэрэглэгч, шинэ бүтээгч байж болох санааг харууддаг.

Тэдний хандивлагчдын дийлэнх нь 25 ба түүнээс дээш насныхан байдаг бол өсвөр насныхан ихээр үйлчлүүлдэг байна. 13 настай оюутан Н. Амирлан бол “Тойрог”-ийн байнгын үйлчлүүлэгчдийн нэг. Тэрээр анх найзынхаа зөвлөснөөр энэ дэлгүүрээр орж ирсэн ч, одоо бол өдөр болгон ирж үйлчлүүлдэг болжээ.“ Орж ирэхэд дулаахан уур амьсгал, олон төрлийн сонголт байдаг учраас бараг өдөр бүр л ирдэг. Generation Z үеийн төлөөллүүд ажиллуулдаг гэдэг утгаараа ч юм уу энэ газарт маш их татагддаг.”

“Тойрог” гэх нэр нь ч өөрөө Recycle — эргэлтэд оруулах, дахин амьдруулах гэсэн санаанаас үүдэлтэй. Энэ бол зөвхөн нэр биш, харин тэдний үнэт зүйл юм. Тэд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш буюу 5 жилийн хугацаанд нийт 15 тонн хувцсыг эргэлдүүлсэн байна.

Маркетингийн ажилтан А. Мэндээхүү “Хүмүүс хуучин хувцас гэхээр муу энергитэй ч гэх юм уу сөргөөр хүлээж авдаг. Нөгөө л нэг комисс гэсэн хэвшмэл ойлголттой. Гэхдээ дэлхий даяар түгсэн Trift shop-ийн соёл, эх дэлхийгээ хайрлах гээд чухал зүйлсийг төдийлөн мэддэггүй. Хуучин хувцас бол хаягдал биш, боломж юм гэж ойлгож нээлттэй сэтгэлгээтэй байхыг хүмүүст ойлгуулахыг хичээдэг” хэмээн хуваалцсан юм.

“Тойрог”-т ажиллаж, хэрэглэгчдэд хувцсаа санал болгож, бүтээлийг дамжуулж өгдөг борлуулалтын ажилтнуудыг тэд жирийн худалдагч гэж нэрлэдэггүй. Харин тэднийг “Unicorn” гэж дууддаг. Хувцас тус бүр түүхтэй. Харин тэр түүхийг дараагийн эзэнд нь дамжуулдаг хүн бол Unicorn. Тиймдээ ч  дэлгүүрт ороход зүгээр нэг өлгүүртэй хувцас биш, уур амьсгал, хандлага, итгэл үнэмшилтэй орчин угтдаг.

“Тойрог” бол зүгээр нэг дэлгүүр биш. Энэ бол Generation Z-ийн ухаалаг, байгальд ээлтэй, хариуцлагатай сэтгэлгээний тусгал. Хуучин хувцасны ард дурсамж, боломж, үнэ цэнэ, шинэ амьдрал бий гэдгийг тэд өдөр бүр харуулж байна.

 Дараагийн удаа шүүгээнээсээ нэг хувцас гаргахдаа “хаях уу?”, эсвэл “шинэчлэх үү?” гэж өөрөөсөө асуугаарай. Тэгээд хариултаа “Тойрог”-т аваачиж ч болох юм.

Сэтгүүлч О.Удвал

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.