Монголын волейболын дээд лигийн “Үнэ цэнэтэй” тоглогчоор 2 удаа шалгарсан хамгийн залуу тамирчин Тамираагийн Хангал гэж хэн бэ?
Тэрээр 2002 онд нийслэл Улаанбаатар хотод мэндэлсэн бөгөөд Шинэ эрин лабратори сургуулийг төгсөөд 2024 онд Монгол Улсын Их сургуулийг сэтгэл зүйч мэргэжлээр баклаврын зэрэг хамгаалсан юм. Түүний аав спортын олон улсын хэмжээний мастер Р.Тамир монголын шигшээ багт 10 гаруй жил тоглож байсан, тухайн цаг үеийн шилдэгүүдийн нэг бол түүний ээж спортын мастер Д. Наранцэцэг “Эрчим” клубийн тамирчин байжээ. Үүний дээр түүний өвөө Б. Ренчин нь монголын хөнгөн атлетикийн домгуудын нэг. Тамираагийн Хангал нь хоёр талын волейболын удмыг залгасан 3 дахь үеийн тамирчин юм.
Тэрээр анхны лигтээ 2019 онд буюу 17 насандаа авга ах болох спортын олон улсын хэмжээний мастер Р.Хангайн удирдлагад Хос бар клубээс тоглож, нэг тоглолтод 12.5 оноо дунджилсан өндөр амжилтыг үзүүлж байжээ.
2020 онд болсон Залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд багаараа аваргын цом өргөж, Т.Хангал Шилдэг тэгш тоглогчоор шалгарсан бол ердөө аравхан хоногийн дараа тус оны Идэрчүүдийн аварга шалгаруулах тэмцээнд мөн л аваргын алтан медаль, Шилдэг тэгш тоглогчийг хүртсэн нь Монголын волейболын түүхэн дэх онцгой үзэгдлийн нэг болж байв.
Үүнээс ердөө жилийн дараа буюу 2021 оны дээд лигт нийт 24 тоглолтын дараа аварга авахдаа 428 оноогоор бусад тоглогчдоо тэргүүлэн, лигийн Үнэ цэнэтэй тоглогч болж байв. Ийнхүү монголын волейболын түүхэнд дахин нэг шинэ хуудас нээн 19 настай шилдэг тоглогч төрөн гарч байжээ.
Тэрээр анх 2023 онд Тайланд улсыг зорьж, волейболын төрөлд легионер тамирчнаар гаднын улсад тоглосон Монголын хамгийн анхны эрэгтэй тоглогч болж байсан ба Тайландын лигт хоёр удаа аваргын цомыг өргөж хошой шилдэг довтлогчоор шалгарч байв. 3-р ангидааа анхны тэмцээндээ аавынхаа гурав дугаарыг авч, хуучин өмсөж байсан өвдгөвч, тохойвчийг нь хэрэглэн оролцож байсан хүү өдгөө Монголын волейболын салбарын ирээдүйг өнгөлөн явж байна.

Дурдаад байвал дуусахгүй их амжилтын эзэн Тамираагийн Хангал нь ирэх есөн сард эхлэх Монголын волейболын дээд лигт тоглохгүй гэдгээ өөрийн цахим хуудсаараа мэдэгдсэн. Энэ нь түүний шүтэн бишрэгчдийн дунд дахин гаднын лигт тоглох гэж байж магадгүй гэсэн таамаглалыг төрүүлээд байна.

Сэтгүүлч: О.УДВАЛ
