Өмнөговийн халуун уур амьсгалд, хээрийн салхинд тоос татуулан зүтгэсэн олон залуусын нэг нь бол Даланбулагийн Энхтүвшин. Хэдэн жилийн өмнө тэр Японд ажиллаж, амьдарсан туршлагаа өвөртлөн нутагтаа ирж, усны бизнесээ эхлүүлжээ. Өдгөө түүний нэр, “Даланбулаг” брэнд нь Өмнөговийнхны өдөр тутмын амьдралд танил болсон. Гэвч хүмүүсийн мэддэгээс цааш, түүний туулсан сорилт, өөрчлөлт, урам зориг өгсөн мөчүүдийг бид энэ удаа хуваалцахаар ярилцлаа.
Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та манай уншигчдад өөрийгөө болоод өөрийнхөө бизнесийг танилцуулаач.
– Намайг Цогхүүгийн Энхтүвшин гэдэг. “Өнөд өвлөх урлахуй” хүнсний үйлдвэрийн захиралаар ажилладаг. Их сургуулиа төгсөөд, 2000 онд Япон улсад очиж гурав гаруй жил ажилласан. Эхнэр Б.Ганцэцэгтэйгээ хамтран “Даланбулаг” хүнсний үйлдвэрээ байгуулж, цэвэр ус, даршилсан бүтээгдэхүүн, тос тосон бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Анх 5-6 ажилтантай даруухан эхэлсэн ч, өдгөө бид 16 дахь жилдээ тасралтгүй ажиллаж, олон арван хүнийг ажлын байраар хангаж байна.
Хүмүүсийн олонх нь таныг бизнесмэн, нийгмийн идэвхтэй хүн гэдэг талаас тань мэддэг. Харин хүмүүсийн мэддэгээс өөр, өөрийнхөө дотоод ертөнцийг хэрхэн тодорхойлох вэ?
Өөрийгөө магтах нь эвгүй ч гэлээ, би хөдөлмөрч, эхэлсэн зүйлээ заавал дуусгахыг эрмэлздэг хүн. Мөн мөрөөдөмтгий. Би итгэдэг нэг зүйл бол — мөрөөдөж чадсан хүн ажлынхаа тавин хувийг аль хэдийн хийчихсэн байдаг. Хэрэв мөрөөдөл байхгүй бол хийж чадах зүйл ч байхгүй. Харин мөрөөдлөө тодорхойлж, төлөвлөж, чиг баримжаагаа гаргасан бол амжилтын тал замыг туулсан гэсэн үг.
Та 3-4 жил Японд ажиллаж амьдарч байсан гэж дурьдсан. Хөгжил, дэг журам, хүний хандлагын хувьд Япон бол Монголтой харьцуулахад ихээхэн ялгаатай улс. Анх Японд хөл тавихад ямар мэдрэмж төрж байв?
- Үнэхээр үгээр хэлэхийн аргагүй, сонин бас шинэ мэдрэмж төрж байсан. Их сургуулиа төгсөөд шууд явсан болохоор төгсөлтийнхөө өдөр өмссөн ганц хослол дээрээ нэмж нэг пиджак аваад л очсон юм. “Гадны орон, ажил гэхээр албаны хувцас зайлшгүй хэрэгтэй” гэж бодсон хэрэг. Гэтэл онгоцны буудал дээр очтол намайг тосох Япон захирал ажлын, энгийн хувцастай зогсож байлаа. Би харин хослол өмсөөд, цүнхээ чанга атгачихсан, захиралаа хайж тэвдсэн хүн. Ингээд хоёр тэс өөр хувцаслалтай хүмүүс бие биеэ хайгаад хэсэг төөрсөн дөө. Тэгээд намайг олж харчихаад “Би ийм том жентелмен залуу байна гэж төсөөлөөгүй” гээд инээж байсан нь сэтгэлд тод үлджээ.Тэр мөчөөс л Японы ажлын орчны уур амьсгал, хүмүүсийн хандлага Монголынхоос тэс өөр гэдгийг анзаарсан. Мөн маш цэвэрхэн газар байсан. Ер нь миний явж үзсэн улс дундаас хамгийн цэвэрхэн нь байсан.
Японд өнгөрүүлсэн он жилүүдээс танд үлдсэн хамгийн том дадал, ажиллах арга барил юу вэ? Таны өнөөдрийн бизнесийн амжилтад шууд нөлөөлсөн, хамгийн үнэ цэнтэй гэж боддог тэр зан төлөвийг хуваалцаач.
- Япончуудын нэг гайхамшигтай чанар бий. Захиралууд нь ажилтнуудтайгаа мөр зэрэгцэж ажилладаг. Ажлын хувцас өмсөөд, шууд шугам дээр туслаад, хаана хүн дутуу байгааг мэдэрч ажилладаг нь үнэхээр сэтгэл хөдөлгөсөн. Энэ дадал надад үлдсэн. Харин Монголд бол өөр. Ихэнх захирлууд хослол өмсөөд, албан өрөөнөөсөө гарахгүй, ажилд оролцдоггүй. Одоо би өөрийн үйлдвэрт хаана ч ороод ажиллаж чадна. Энэ нь зөвхөн ажлыг хялбар болгоод зогсохгүй, ажилчидтайгаа ойр дотно байж, үйл ажиллагааг илүү үр дүнтэй явуулахад тусалдаг. Япон дахь энэ туршлага нь Монголд үйлдвэрээ босгох, бүтээгдэхүүнээ чанартай үйлдвэрлэхэд шууд нөлөөлсөн. Хаана алдаа гарч байгааг мэдэрч, өөрөө оролцож засч залруулж сурсан нь өнөөдрийн амжилтын нэг гол түлхүүр болсон гэж хэлж болно.
Япон дах туршлагаас хойш монголдоо ирээд усны үйлдвэрээ эхлүүлсэн. Тэр бол таны амьдралын шинэ бүлэг байсан байх. Яагаад заавал ус үйлдвэрлэлийг сонгосон бэ?
-Би өөрөө хүнсний үйлдвэрт агуулахад ажилладаг байсан. Ажилдаа илүү цаг хийж тэгж хичээж ажилладаг байлаа. Тэндээс л хүнсний үйлвэртэй болъё гэдэг мөрөөдөл бий болсон доо. Тэгээд Японд байхдаа ч, Монголд байхдаа ч түүнийгээ дотроо мөрөөдөөд, төлөвлөөд явсан. Олон хоног бодож явахаар ингэх юм байна, нэрээ тэгж өгөх юм байна гээд бүх зүйл л тодорхой болж ирсэн дээ. Японд хөдөлмөрийн сахилга бат, нарийн төлөвлөлт, хариуцлагатай хандлага гэдэг ямар үнэ цэнтэй болохыг биеэрээ мэдэрсэн. Хуримтлуулсан туршлага, олсон хөрөнгөө нутагтаа ирээд өөрийн мөрөөдлөө бодит болгоход ашигласан.

Даланбулаг гэдэг нэрийг хэрхэн сонгосон бэ? Нэрний цаана ямар нэг ямар дурсамж, утга учир байгаа вэ?
- Манай Өмнөговь аймагт “Даланзадгай булаг” гэдэг газар байдаг юм. Тэр нэрийнх нь “задгай” гэдэг хэсгийг аваад, “Даланбулаг” гэж нэрлэсэн. Мөн нэрний ард далан нэр төрлийн бүтээгдэхүүн гаргах мөрөөдөл байдаг. Гэхдээ энэ тийм ч хялбар ажил биш. Одоогоор 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд явж байна. 16 жил хөдөлмөрлөөд эхний тавьсан зорилгынхоо тал хувийг гүйцээчихсэн явж байна даа.
Анхны бүтээгдэхүүнээ гаргаж байх үеийн хамгийн том бэрхшээл юу байв?
- Хамгийн эхэнд бид усны үйлдвэрийнхээ тоног төхөөрөмжийг Хятадаас оруулж ирэхээр зорьсон. Гэтэл тэнд хоёр сар гаруй саатаж, ирээд угсрах гэхээр хэн ч угсарч чадахгүй, зургаан сар дахин алдсан. Тэр бол үнэхээр том бэрхшээл байсан. Гэхдээ тэр бүх хүлээлт, алдагдсан саруудын дараа хамгийн анхны хорьхон ширхэг усаа үйлдвэрлээд түүнийгээ тэврээд гүйж байсан минь үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж байлаа. Гараас минь гарч буй тэр тунгалаг ус бол зүгээр нэг бүтээгдэхүүн биш, олон сарын хичээл зүтгэлийн эхний үр жимс байсан юм.
Та нэг ярилцлагандаа баллонтой ус Өмнөговьд хамгийн анх авчирч борлуулж байсан гэж дурдсан. Тэр үеийн дурсамжаасаа хуваалцаач
- Анх цэвэр ус л үйлдвэрлэдэг байгаад 2011 онд баллонтой ус үйлдвэрлэж эхэлсэн. Эхнийхээ ээлжинд хорь гаруйхан ширхэг баллон л гаргаж байлаа. Манай нутагт тэр үед ийм том савтай усыг бараг мэддэггүй байсан болохоор “Ийм их усыг яаж уух вэ?” гэж гайхдаг байв. Тэгээд би албан байгууллагаар орж, жижиг савтай усыг олон тоогоор авахад ямар өртөгтэй, харин нэг том баллон ус авахад ямар хэмнэлттэй болохыг тоо баримтаар тайлбарладаг байсан. Бүр ус гаргадаг төхөөрөмжөө хүртэл авч очоод үзүүлдэг байлаа.
Тухайн үеийн татварын газрын Уламбаяр дарга хамгийн анхны үйлчлүүлэгч маань болж, үнэхээр сайхан дэмжсэн. Харин хүмүүсийн асуух асуултууд хөгжилтэй – “Энийг чинь тонгойлгоод уух юм уу?” гэх хүн олон байлаа. Тэр бүх сониуч харц, гайхсан асуулт, инээдтэй хариултууд өнөөдөр хүртэл сэтгэлд минь тодхон байдаг.
Шинэ бүтээгдэхүүн бий болгохдоо танд хамгийн дуртай мөч нь аль нь вэ — санаа төрөх, туршилт хийх, эсвэл хэрэглэгчдэд хүргэх үү?
-Нэг бүтээгдэхүүн хийх гэж маш их бодож, тунгааж, туршиж байж хийнэ. Тэр мөрөөдөж ирсэн зүйлээ яг бий болгож анхныхаа дээжийг гаргаж аваад ямар нэг байдлаар хүнд амсуулах тэр үе л хамгийн сайхан. Тэндээс тэр хүн ямар хариу үйлдэл үзүүлж байна гэдгийг харах чинь өөрөө жаргал шүү дээ.
Бизнесээ эхлүүлээд бүтэлгүйтэх, шантрах үе их байсан байх. Тэр үед юу таныг буцаахгүйгээр урагшлуулсан бэ?
- Миний хамгийн том түшиг бол гэр бүл минь, ялангуяа хань минь. Тэд үргэлж ард минь бат зогсож, гар минь сулрах үед татаад босгодог. “Чи ухарч болохгүй” гэсэн итгэл, хүчийг надад тэд л өгдөг. Заримдаа нэг дэмжих үг, нэг урамын харц бүхэл бүтэн уулыг ч нүүлгэж чаддаг юм байна гэдгийг би тэднээсээ ойлгосон.

Та шинээр бизнесээ эхлүүлж байгаа залуучууддаа хандаад ямар зөвлөгөө өгөх вэ?
- Хүн ямар ч ажлыг мөрөөдөж болно. Гэхдээ мөрөөдлөө бодит болгохын тулд маш сайн төлөвлөх хэрэгтэй. Манай монгол залуучуудын нэг том сул тал бол эхлүүлсэн ажлаа хоёр, гуравхан сар яваад л шантарчихдаг явдал. “Энэ бүтэхгүй юм байна” гэж бодоод хаяад, дахиад өөр юм эхлүүлнэ. Энэ бол үнэхээр утгагүй санагддаг. Би тэдэнд “Нэг жил тууштай яваад үз” гэж хэлмээр байдаг. Магадгүй нэг, хоёр жилийн дараа өнөөх санаа чинь хүнд танигдаж, брэндийн чинь эхлэл болох ч юм бил үү. Гэтэл туушгүй зангаасаа болж тэр боломжоо алдчихсан байх тохиолдлыг олон харсан. Тиймээс би хоёрхон зүйл л хэлнэ: нэгдүгээрт, маш сайн төлөвлө; хоёрдугаарт, тууштай бай. Энэ хоёрын цаана мөрөөдөл чинь бодит болно.


СЭТГҮҮЛЧ: О.УДВАЛ
