Чанартай, хямд эмээр хангах ажил ирэх сараас хэрэгжинэ

Эрүүл мэндийн яамны зүгээс  Монгол Улсад хэрэглэгдэж байгаа эмийн чанар, аюулгүй байдлыг сайжруулахаар ажиллаж байна. Энэхүү зорилтын хүрээнд чанартай, үр нөлөөтэй эмийг боломжийн үнээр ханган нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлэхээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хүлээн зөвшөөрсөн, эмийн зохицуулалт, хяналтын чиг үүргийг өндөр түвшинд гүйцэтгэдэг улс орнуудын үйлдвэрлэгчидтэй эм, эмийн бүтээгдэхүүний хангамжийн чиглэлээр яриа хэлэлцээг идэвхтэй хийж байна.
 
Энэ ажлын хүрээнд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан БНСУ-д ажлын айлчлал хийж, эм үйлдвэрлэгч  шилдэг аж ахуйн нэгж байгууллагуудтай хэд хэдэн уулзалт хийжээ.
 
Тухайлбал, Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас тус улсын эм, биобэлдмэл үйлдвэрлэгчдийн холбооны удирдлага, тус холбоонд харьяалагдах эм үйлдвэрлэгчдийн өргөтгөсөн уулзалтыг зохион байгуулав. Энэ үеэр Сайд Т.Мөнхсайхан төрийн зүгээс эрүүл мэндийн салбарт, тэр дундаа эм хангамжийн салбарт авч хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний талаар оролцогчдод танилцуулж, зарим үйлдвэрлэгчидтэй хоёр талын тусгайлсан уулзалтуудыг хийв. Дээрх уулзалтуудад Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Элчин сайд С.Сүхболд болон албаны бусад хүмүүс оролцлоо.
 
Эм үйлдвэрлэгчтэй эмийн үнийн хэлцэл хийснээр эмчилгээний өндөр үр нөлөөтэй эмийг боломжийн үнээр нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх юм.

Ингэснээр төрөөс эмд зарцуулах зардлыг бууруулах төдийгүй эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах ач холбогдолтой.

Эхний ээлжид төрийн эрүүл мэндийн байгууллагуудад хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүдийн эмнэлгийн тусламж үйлчилгээнд хэрэглэх эм болон эмчийн жорд үндэслэн Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох, өргөн хэрэглэгддэг тодорхой нэр төрлийн эмүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Монгол Улсад импортлох нөхцөл боломжийг бүрдүүлнэ хэмээн ЭМЯ-наас мэдээллээ. 

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.