Өнөөдөр буюу 2025.08.29-нд Архангай аймгийн Цэцэрлэг хотод зохион байгуулагдаж буй багш нарын бага хуралд аймгийн хэмжээнд ажиллаж буй 1600 гаруй багш оролцож, боловсролын тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам, салбарын хөгжлийн талаар санал солилцлоо.
Архангай аймагт төрийн өмчийн 30 ерөнхий боловсролын сургуульд 20 мянга орчим сурагч, 35 цэцэрлэгт 6800 гаруй хүүхэд хамрагдаж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Боловсролын салбар бол аливаа улс орны ирээдүйн хөгжил, хүний нөөцийн чанар, нийгмийн үнэт зүйлийг тодорхойлдог гол үндэс суурь нь. Тиймээс гадаад харилцаанд ч боловсролын салбарын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, багшийн хөгжил, оюутан сурагч солилцоо зэрэг асуудлуудыг ямагт тэргүүлэх чиглэлд тавьж ирсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт сүүлийн хоёр жилийн хугацаанд Архангай аймгаас тус хөтөлбөрт шалгарсан 41 сурагч дэлхийд нэр хүндтэй их, дээд сургуульд элссэн.
Мөн миний бие Филиппин Улсад албан ёсны айлчлал хийх үеэр багш нарын англи хэлний мэдлэг, заах арга зүйг сайжруулах тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцсон. Энэхүү хамтын ажиллагаа бодит ажил хэрэг болж, Хангайн бүс тэр дундаа Архангай аймгийн багш нарын төлөөлөл Филиппин Улсыг зорихоор болсонд баяртай байна” гэв.




