Ж.Галбадрах: Боловсролоо чанаржуулах нь төр засгийн эн тэргүүний зорилт байх ёстой

УИХ-ын гишүүн Ж.Галбадрах хичээлийн шинэ жилийг угтан мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрбээр, “Боловсролын салбарын нийт багш сурган хүмүүжүүлэгчид, ажилтан албан хаагчид, оюутан сурагчдадаа хичээлийн шинэ жилийн баярын мэнд дэвшүүлье.

Улс орны хөгжлийн үндэс нь боловсрол учраас боловсролоо чанаржуулах нь төр засгийн эн тэргүүний зорилт байх ёстой.

Энэ ч үүднээс Засгийн газар 2026 оныг “БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ ЖИЛ” болгон зарласан нь бидэнд итгэл найдвар төрүүлж байна.

Боловсролын салбарын төлөөлөл болон сонгогдсон УИХ-ын гишүүний хувиар энэ салбарт он удаан жил ужгирсан олон асуудал, тухайлбал багшийн цалин, нийгмийн асуудал, багшийн хомсдол, сургуулийн барилгын хүртээмж, бүлэг дүүргэлт, суралцагсдын хүмүүжил төлөвшлийн асуудлыг цогцоор нь шийдэхэд Засгийн газарт бодлогын дэмжлэг үзүүлж, ул суурьтай судалгаа хийж, асуудлыг шийдэх бодлого боловсруулахад гар бие оролцож байгаадаа баяртай байгаа.

Бид салбараа шүүмжилж, хэн нэгнээс бурууг хайхаас илүү, шийдэл ярьж, сайн туршлагаа өөр хоорондоо хуваалцаж, хөрөнгө оруулалтыг оновчлох нь манай салбарт үр дүн авч ирнэ.

Багш нар бие биедээ урам зориг өгч, хамтран ажиллаж, хамгийн гол нь сурагч, оюутнаа бүхий л үйл ажиллагааныхаа төвд тавьж тэднийг “эрүүл бие, саруул ухаан, сайхан сэтгэлтэй” иргэн болон төлөвшүүлэхийн төлөө бүх хүчээ нэгтгэн ажиллацгаая.

Шилдэг төгсөгч нь багш болдог, багшийн үнэлэмж дээшилсэн, хүүхэд залуус нь сурахыг эрхэмлэдэг, боловсролтой иргэнээ үнэлдэг зөв нийгмийг боловсролын салбарынхан бид өөрсдөө гардан бүтээх учиртай.

Эерэг бүхний төлөө хамтдаа зогсож, Сөрөг бүхнээс салбараа тууштай хамгаалъя.

Та бүхэндээ, шинэ хичээлийн жилдээ амжилт бүтээл тэгш дүүрэн байхын ерөөлийг өргөн дэвшүүлье” гэв.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.