4 хүүхэд төрүүлж, 150 кг жинтэй болохдоо амиа хорлочихъё хэмээн бодож байсан түүнийг спорт аварч, өдгөө мянга мянган өрх толгойлсон ээжүүдэд өөрийн биеэр үлгэрлэж явна. Энэ жил тэрээр БНСУ-д болсон ICN тэмцээнд оролцож хошой аварга болжээ.
Сайн байна уу? Бидэнд өөрийгөө танилцуулаач. Хэзээнээс фитнессийн спортоор хичээллэх болсон бэ?
Намайг Баяраагийн Урангоо гэдэг, 41 настай. 4 хүүхэдтэй өрх толгойлсон ээж. Би “Гоо” спиннинг клубээ үүсгэн байгуулаад 9 жил болж байна.
Ойр ойрхон төрөөд, гэртээ суудаг байсан учраас жин их нэмж, 150 кг хүрсэн. Анх эрүүл амьдралын хэв маягт суралцахаар Сувдаа, Эгиймаа хоёр багшийнхаа тусламжтайгаар 98 кг болтлоо жингээ хасаад түүнээс хойш спиннингээр хичээлээд 75 кг болсон. 2 жилийн өмнө “Strong” фитнессийн үүсгэн байгуулагч Б.Ганзориг багштайгаа танилцаж, фитнессийн спортоор хичээллэж эхэлсэн. Монголдоо хэд хэдэн тэмцээнүүдэд орж чамгүй амжилт үзүүлээд байна. Мөн өнгөрсөн жил БНСУ-д болсон ICN тэмцээний өндөр жингээс жин хасдаг фитнесс модель төрөлд хүрэл медаль хүртсэн. 2025 онд БНСУ-д болсон ICN тэмцээнд оролцож хошой аварга болсон. Саяхан баг хамт олноороо БНХАУ-ын Наньжин хотод болсон тэмцээнд оролцож, хүрэл медаль хүртсэн амжилттай байна.

150 кг жинтэй байсан Урангоо, одоогийн Урангоо хоёрын хооронд асар их ялгаа байгаа байх.
150 кг жинтэй байхдаа асар их сэтгэл гутралтай байсан. Ний нуугүй хэлэхэд амиа хорлох тухай ч боддог байсан. Өөртөө итгэлгүй байх, гутрах, эхнэр нөхөр хоёр хүний хооронд асуудлууд гарах гэх мэт…
Жингийн илүүдлээс болоод өөртөө итгэлгүй байх, адгийн наад зах нь муухай үнэр үнэртэх, таарах хувцас олдохгүй байх олон асуудлууд бий л дээ. Мөн нийгмээс маш их тасардаг. Би тухайн үед гадуур гарах их дургүй, ангийн нийллэг зэрэгт очдоггүй байсан. Хүний муухай бодол байдаг юм билээ. Амиа хорлочихъё гэдэг.
Янз бүрийн бэрхшээл, хүнд хэцүү зүйлийг туулахад спорт гэдэг зүйл маш их дэм болж, ганцаардлыг нөхдөг. Дээрээс нь эрүүл байх, 4 хүүхдээ өсгөх хүчийг өгдөг. Бэлтгэлээ хийчихээр л өөртөө итгэлтэй, сэтгэл санаа ч сайхан болдог. Хөгшрөхдөө хүүхдүүддээ гай болохгүй, муухайгаар хэлэхэд шээс баасандаа холилдохгүйхэн шиг өөрийгөө аваад явчихдаг арчаатай эмэгтэй байхын тулд би өнөөдөр спортоор хичээллэж байгаа.
Хүүхдүүд нь ээжээрээ маш их бахархаж байгаа байх.
Хүүхдүүд минь миний асаалттай танк л гэсэн үг. Нэг үеэ бодвол том болцгоочихсон. Тэмцээнд ороход хоол ундыг минь бэлдэж өгдөг. Спортын ард гэр бүл гэдэг зүйл зайлшгүй байдаг. Миний аав ээж, дүү минь намайг маш их дэмждэг.
Бэлтгэл сургуулилтын тал дээр Б.Ганзориг багш миний луужин гэсэн үг. Сэтгэл зүйд минь тааруулж бэлтгэл сургуулилт хийлгэж, бодол санааг минь үргэлж сонсож, зөвлөдөг.
Хүмүүс өөрийгөө ялна гэж ярьдаг. Тэгэхээр та өөрийгөө ялсан байна шүү дээ. Өдий хүртэл хичээсэн өөртөө хандаж юу гэж хэлмээр байна.
Хэзээ нэгэн цагт өөртөө “Би чадлаа” гэж хэлнэ дээ гэж боддог байсан. Ямар ч байсан би чадлаа. Өөрөөрөө маш их бахархдаг. Би хүчирхэг байх ёстой. Намайг харж байгаа мянга мянган ээжүүд, тэр дундаа өрх толгойлсон ээжүүд байгаа. Тэдэнд эмэгтэй хүн төсөөлснөөсөө илүү хүчтэй, агуу хүмүүс байдаг шүү гэдгийг өөрийнхөө биеэр харуулахыг хичээдэг.
Илүүдэл жингээсээ болоод өөртөө итгэлгүй болчихсон, хүүхдээ асраад гэртээ байгаа ээжүүдэд хандаж юу гэж хэлэх вэ?
Хамгийн түрүүнд өөрийгөө хайрлаарай. Сайн ч бай, муу ч бай эцсийн эцэст хүн өөртэйгөө л хамт байдаг. Бусдын төлөө өөрийгөө хаяж болохгүй. Эмэгтэй хүн хамгийн түрүүнд үр хүүхэд, хань ижлээ гэдэг. Та өөрийгөө хаях юм бол бусдад гээгдсэн нэгэн л болно. Өөрийгөө л хайрлаарай, бусад нь аяндаа болно гэж хэлмээр байна.
Тун удахгүй өөрийнхөө нэрэмжит тэмцээнээ зохиох гэж байгаа гэж сонссон. Тэрхүү тэмцээн маш олон ээжүүдэд урам зориг болох байх.
9 жилийн ойгоороо “Гоо кап” нэртэй ээжүүдэд зориулсан өндөр жингээс жин хасах 4 ангиллын фитнесс тэмцээн зохион байгуулах гэж байна. Өндөр жингээс жин хасах, фитнесс модель, вэлнесс, бикини гэсэн төрлөөр 10-р сарын 4-нд болно. Энэ тэмцээнээр Б.Ганзориг багш бид хоёр өрх толгойлсон ээжүүд, гэртээ хүүхдээ хардаг ээжүүд, одонтой ээжүүдийг үнэ төлбөргүй дасгалжуулаад тэмцээнд бэлдэхээр болсон. Та бүхнийг нээлттэй тэмцээндээ урьж байна.
Ярилцсанд баярлалаа.

