ХХЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга, хурандаа Г.Чинзориг-ийн үргэлжилсэн үгийн хоёр дахь бүтээл “Тангараг” туужийн нээлтийн ёслол Интерном номын дэлгүүрт боллоо.
Тэрээр 2024 онд үргэлжилсэн үгийн анхны бүтээл “Андгай” туужаа олны хүртээл болгож байсан юм. Энэхүү бүтээлд хугацаат цэргийн албаа хаагаад эх орныхоо дархан хилийг хамгаалж буй гэрээт хилчин эрсийн НӨХӨРЛӨЛ-ийн тухай өгүүлэх бол хоёрдугаар дэвтэрт энэ цагийн чимээгүй баатрууд болсон хилчин эрс ЭХ ОРОН-оо хэрхэн хамгаалдаг, эх орны үнэ цэнийн тухай сэтгэл хөдөлгөм түүхүүд хөврөх юм.
Хурандаа Ганхуягийн Чинзориг:
Туужид өгүүлэгдэж буй 3 найзын дүрийг дэргэд минь үргэлж түшиж тулдаг, эх орныхоо төлөө зүтгэдэг найзуудаа төлөөлүүлэн бодож бичсэн. Нэгдүгээр дэвтэр болох “Андгай” туужид гэрээт хилчид адал явдал, сорилт бэрхшээлийг туулсаар тушаал ахиж, хэрхэн нөхөрлөлийн үнэ цэнийг бий болгож буй талаар өгүүлэх бол хоёрдугаар дэвтэр болох “Тангараг” туужид тэдгээр эрс эх орныхоо төлөө хэрхэн зүтгэж буй талаар өгүүлэх юм. Эх орныхоо дархан хилийг хамгаалж буй эрс өдөр тутамд ямар сорилт бэрхшээл тулгардаг тухай түүхүүдийг эдгээр туужууд минь өгүүлэх болно.
Магадгүй 3-р дэвтрийг гаргаж болох юм. АНДГАЙ ТАНГАРАГТ ЭРЧҮҮД гэсэн санааг гүйцэлдүүлж, ЭРЧҮҮД-ийн ноён нуруу, нугаршгүй байдлын тухай өгүүлж болох юм гэсэн санаа бий.


Хэнд хамгийн их баярлаж талархсанаа илэрхийлмээр байна?
Хамгийн түрүүнд аавдаа баярлалаа. Бага балчир наснаас минь эхлэн номтой нөхөрлүүлж, номын сайхныг мэдрүүлсэн. Энэ хорвоод төрүүлж, өсгөсөн ээждээ, үргэлж хажууд минь түшиж тулж, арыг минь бат дааж байдаг ханьдаа баярлалаа. Өдөр бүр л баяр баясал, сайхан дурсамжуудыг бүтээлцдэг ажлын хамт олон, үнэнч найз нөхдөдөө маш их баярлалаа.








Нөхөрлөл бол АНДГАЙ
Эх орон бол ТАНГАРАГ
Хурандаа Г.Чинзориг нь хилийн застав, отрядод ажиллаж байх үедээ олон сайхан шүлэг тэрлэж, аялгуу хийж, “Хилчин заяа”, “Хилчин бүсгүй”, “Дархан хил минь баяртай” зэрэг 50 гаруй дуунууд нь өдгөө хилчдийн сонсох, дуулах дуртай дуу болжээ.
