Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын зөвлөлийн өргөтгөсөн хурал 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр болж, 21 аймаг, 9 дүүргийн Нийгмийн даатгалын газрын дарга нар цахимаар оролцлоо.
Нийгмийн даатгалын байгууллага Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч болон Чингис хаан банкнаас нэхэмжилсэн нийгмийн даатгалын сангийн авлагыг төлүүлэхээр шуурхай арга хэмжээг авч ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч 104.2 тэрбум төгрөгийн өр барагдуулахаас нийгмийн даатгалын санд 40.2 тэрбум төгрөгийг барагдуулж / мөнгөн хөрөнгөөр 13.8 тэрбум төг, хөрөнгөөр: 26.2 тэрбум төг/, 64.2 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй, харин Чингис хаан банк 103.5 тэрбум төгрөгийн өр барагдуулахаас 16.2 тэрбум төгрөгийг / мөнгөн хөрөнгөөр: 11.1 тэрбум төг, хөрөнгөөр: 5.07 тэрбум төг/ барагдуулж 87.3 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Нийгмийн даатгалын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхээр 2025 онд багтаан 330 суманд нийгмийн даатгалын мэдээллийн SICOS системийг нэвтрүүлэх зорилтыг тавин ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд ирэх 10 дугаар сард сумдад SICOS системийг нэвтрүүлэх туршилтын ажлыг эхлүүлэхээр холбогдох газрууд бэлтгэл ажлаа хангаад байна.
Дээрх ажилтай холбоотойгоор үүсэх асуудлуудыг тодорхойлж шийдвэрлэн, албан хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэхийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга үүрэг болголоо.

