Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн хиймэл оюун, тоон загварчлал, судалгааны хэлтсээс энэ хавар буюу IV, V, VI сард агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх тооцоо гаргажээ.
Хур тунадас IV сард баруун аймгуудын баруун, төвийн аймгуудын зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу, V сард зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Хаврын саруудад салхины хурд үе үе нэмэгдэж, шороон шуурга их байх магадлалтай. Мөн огцом дулаарснаас хуурайшилт нэмэгдэж ой хээрийн түймэр гарах эрсдэлтэй тул малчид, иргэд мал бэлчээх хугацаагаа тохируулах, өвс тэжээлийн нөөцөө хангах, мал төллүүлэх хашаа хороогоо бэлтгэн гамшигт үзэгдлийг хохирол бага давахыг ОБЕГ-аас зөвлөж байна.
Дөрөвдүгээр сард агаарын дундаж температур Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын нутаг, Хөвсгөлийн зүүн, Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх бол хур тунадас Баян-Өлгий, Ховд, Сэлэнгэ, Төв аймгийн нутаг, Говь-Алтай, Хэнтийн баруун, Булганы зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.
Тавдугаар сард агаарын дундаж температур Баян-Өлгий, Увс, Завхан, Ховдын нутаг, Говь–Алтай, Баянхонгорын хойд, Хөвсгөл, Архангайн баруун хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх бол хур тунадас Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.
Зургаадугаар сард агаарын дундаж температур Хэнтий, Дорнодын нутаг, Төв аймгийн зүүн, Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх бол хур тунадас нийт нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
