Харүмафүжи Д.Бямбадорж “Зүрх хамгаалах төсөл” ТББ-тай хамтран Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв болон “Тирео Мед” эмнэлэгт түргэний машин хандивлажээ.
Энэ талаар их аварга Д.Бямбадорж “Миний аав цагдаа хүн байсан. 2006 онд ажлаар Говь-Алтай явчхаад буцах замдаа Өвөрхангай аймгийн ойролцоо автомашины ослоор бурхан болсон. Тэр үед
би 22 настай, ид барилдаж байсан үе. Ослын дараа аавтай минь цуг байсан хүмүүсээс болсон зүйлийн талаар асуухад хээр талд осолдсон учраас замын унаанд суугаад эмнэлгийн тусламж авах гэж маш их цаг алдсан гэж ярьдаг. Хэрвээ Японых шиг бүх тоног төхөөрөмжтэйгөө түргэн тусламжийн тэрэг байсан бол миний аавыг аврах байсан байхдаа гэж дотроо их боддог. Ингээд 2007 оноос хойш над шиг ийм хэцүү, гомдолтой байдалд хүмүүсийг бүү ороосой, нэг ч гэсэн хүний амь нас аврагдаасай гэж бодоод эх орныхоо эрүүл мэндийн салбарт түргэний машин хандивлах болсон” гэжээ.
Дашрамд дурдахад их аварга Харумафүжи Бямбадоржийн аав Улсын заан Рэгжийбуугийн Давааням нь Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул бөгөөд Монголын Үндэсний Бөхийн холбоог санаачлагч, цагдаагийн албан хаагч байсан юм. Тэрээр 1980 онд улсын начин, 1987 онд улсын заан цол хүртсэн, улсын баяр наадамд зургаан удаа шөвгөрсөн хүчтэн юм. Харумафүжи аваргын төрсөн ах нь МУ-ын начин Даваанямын Лхагвадорж юм. Давааням зааны төрсөн ах нь МУ-ын СГЗ Р.Нямдорж бол түүний хүү Ганбаатар МУ-ын гарди цолтой юм. Мөн эдний гэр бүлд МУ-ын начин Өлзийбаяр, МУ-ын гарди Ж.Бат-эрдэнэ, жудо бөхийн дэлхийн аваргын хүрэл медальт, аймгийн заан Ө.Дүүрэнбаяр нарын бөхчүүд, улсын тэргүүн гарын даа Р.Даваацэрэн гээд бөхийн зүтгэлтнүүд ч бий.
