Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж байгаа НҮБ-ын “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэхээр Монгол Улсын Зэвсэгт хүчний XV ээлжийн батальоны хоёрдугаар цуваа ажиллагааны газар орныг зорилоо. XV ээлжийн батальоны ахлагч, тэргүүн ахлагч Б.Гантөмөр ахалж байгаа юм.
Өмнөд Суданд энхийг сахиулахаар 15 дахь жилдээ мордож буй монгол цэргүүдийг Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн байрлалаас хайртйа дотны хүмүүс нь сүүгээ өргөн үдэн мордуулж, Монгол Улсын Зэвсэгт хүчний удирдлага “Чингис хаан” олон улсын нисэх буудалд онгоц хөөртөл ёсолсоор үджээ.
Хоёрдугаар цувааны бүрэлдэхүүнийг ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга бригадын генерал Д.Дугаррагчаа, ЗХЖШ-ын Энхийг дэмжих-цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга хурандаа Д.Мягмаржав, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн захирагч хурандаа Ж.Мөнхбаяр нарын албаныхан үдэн мордуулсан ба бригадын генерал Д.Дугаррагчаа “Ажиллагааны газар оронд даргадаа дэмтэй, цэрэгтээ нөмөртэй, нөхдөдөө тустай яваарай. Дээд удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг ягштал сайхан биелүүл. Дэг журам, сахилга хариуцлагатай бай. Таны үйл хэргээс багийн хамт олны ажил, нэр хүнд шалтгаалж байдгийг бодож, үе үеийн энхийг сахиулагчдын бүтээсэн “Монгол цэрэг-дэлхийн цэрэг” хэмээх алдар нэрийг өндөрт өргөхийг онцгойлон захья” гэв.




























