Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт зохиолч, С.Буяннэмэхийн шагналт утга зохиолын судлаач, шүүмжлэгч, Д.Бодоогийн шагналт сэтгүүлч, зохиолч, доктор, профессор Долгорын Цэнджав хэмээх эрхэм хүмүүнтэй 38 дахь удаагийн Номын баяраар учран золгов. Тэрээр 12 дахь боть “Араатан” романаа энэ онд гаргаж, уншигчдын хүртээл болгосон бөгөөд хэдэн хором үнэт үгс сонссоноо ийн сийрүүлж байна.
–Шинэ бүтээлээрээ уншигч олонтойгоо учран золгож байна. Энэхүү романыхаа тухай бидэнд танилцуулаач.
2025 онд “Араатан” гэдэг романаа гаргасан. Энэ романы судалгаа бүр олон жилийн өмнөөс хийгдсэн. Амьтны психологи гэж юм байна. Амьтанд хэл байхгүй болохоос биш зарим талаараа хүнээс илүү. Ухаанаараа ч хүнээс илүү. Чоно бол хүнтэй арсалдаж амьдардаг амьтан. Дөрвөн хөлтэй чоноос гадна “хоёр хөлтэй чоно” гэж байна, бидний дунд. Сүүлийн үеийн араатнуудын тухай яриад байна л даа. Тэд бол чоноос дор. Чоно гэдэг амьтан өөрийн үрээ, гэр бүлээ яаж хамгаалдаг тухай хамаг нандин юмыг нь судалж энэхүү романаа бичсэн.

Авч чадвал номд бүх юм байна. Сүүлийн үед номоос авч чадах чадалгүй, гар утас л ширтсэн улсууд болоод байна. 10 жилийн дараа гэхэд ном уншдаг хүн их ховор болох юм байна. Үүнийг хэл уран зохиолын багш нар, сэтгүүлчид та нар аврах ёстой. Ном бол усан дотор ч хань болдог, талд төөрсөн хүнд ч хань болдог оюун санааны том ертөнц шүү дээ.
-Чоноос дор араатан болж байна гэж та түрүүн дурдлаа шүү дээ. Тэгэхээр бид одоо яах ёстой юм бол оо?
“Монгол хүн” л болох хэрэгтэй байх юм. Өвгөдийн өөдөөс эгц харж чаддаггүй байсан шүү дээ. Одоо бол хөгшин төгцөг далд ороосой гэж яриад байдаг. Бид бөөвгөр бор гэрт л хүн болж байсан, өвгөд эмгэдийн ухаанаар. Эмгэдийн ухаан гэж бүр том юм бий.
Хүүхдийн хүмүүжил хэвлийд бүрэлдэхээс л эхэлдэг. Нэг наснаас долоон нас хүртэл хүмүүжүүлж чадахгүй алдвал “хүн биш” болдог. Том болсон хойно нь хүмүүжүүлнэ гэж байхгүй. Би багш хүн учраас мэднэ шүү дээ. Тийм учраас 0-7 нас хүртэл уншуулж сурга, хүмүүжил сурга. Тэрийг л би чанга дуугаар хэлье, бахирч хэлье.

