Бие Бялдар Сэргээн Засах Судлалын Монголын Нийгэмлэг 19 дэх эрдмийн чуулган боллоо

Бие Бялдар Сэргээн Засах Судлалын Монголын Нийгэмлэг 19 дэх эрдмийн чуулганаа өнөөдөр \09-сарын 26-нд\ хийж байна. Энэ жилийн хувьд “Сэргээн засахын нийгэмлэгийн 20 жил – Хүртээмжтэй ирээдүйн төлөө” сэдвийн дор болж буй бөгөөд чуулганд УИХ гишүүн, нийгмийн эрүүл мэндийн ухааны доктор О. Саранчулуун, “Rehabilitation International” ОУ-ын байгууллагын тэргүүн, Германы сэргээн засах нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч, Европын сэргээн засахын академийн удирдах зөвлөлийн гишүүн Кристоф Гүтенбрүннер, Бие Бялдар сэргээн засах судлалын Монголын нийгэмлэг хүндэт гишүүн, зөвлөх, Хонг Конгийн Сэргээн засах анагаах ухааны нийгэмлэг, ДЭМБ-ын хамтын ажиллагааны төвийн мэргэжилтэн Шейла Пурвэс, БНХАУ-ын “Сужоу Хаобро” эмнэлгийн тоног төхөөрөмж ХХК-ны Пэн Жэньнянь, ХБНГУ-ын Спорт, дасгалын шинжлэх ухааны болон спортын сэтгэл судлалын докторант Александер Микус нарын гадаадын зочид төлөөлөгчид урилгаар оролцлоо.

Тус чуулганд нийт 200 гаруй аймаг, дүүргийн сэргээн засахын эмч, мэргэжилтнүүд оролцож, сэргээн засах тусламж үйлчилгээг хүртээмжтэй, үр дүнтэй үзүүлэх, сэргээн засах олон мэргэжилтний баг бүрдүүлэх дэлхийн чиг хандлага, эмнэлгийн сэргээн засах тусламж үйлчилгээнд тоног төхөөрөмжийн хэрэглээ, сэргээн засах эмчилгээнд хараа – хөдөлгөөний нөлөө зэрэг боловсролын илтгэлүүдийг хэлэлцүүлжээ.

Түүнчлэн УИХ-ын гишүүн О.Саранчулууны санаачилгаар “Сэргээн засах ба хөгжлийн бэрхшээл” сэдэвт хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхий сайд Г. Занданшатарын ивээл дор ЭМЯ, ГБХНХЯ, Бие бялдар сэргээн засах судлалын Монголын нийгэмлэг хамтран зохион байгуулна. Хэлэлцүүлэг Төрийн ордны ИХ МОНГОЛ танхимд 2025 оны 09-р сарын 30-ны өдөр болно.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.