Дэлхийн хамгийн өндөр гүүр Хятадад бий боллоо

Хятадын баруун өмнөд бүсийн Гуйжоу мужид баригдсан дэлхийн хамгийн өндөр гүүр есдүгээр сарын 28-нд ашиглалтад орлоо.

“Хуажианг Гранд Каньон” нэртэй тус гүүр нь гүн хавцлын дээгүүр 625 метрийн өндөрт байрлах бөгөөд 2890 метр урттай. Өмнө нь Хуажианг Гранд Каньон хавцлыг хоёр цагийн хугацаанд туулдаг байсан бол шинэ гүүрний тусламжтай ердөө хоёр минутад туулах боломжтой болсон байна. Гүүр хавцлыг туулан өнгөрөх хугацааг арав дахин багасгаснаар бүс нутгийн аж үйлдвэрлэлийн хамтын ажиллагаа, ачаа тээврийн урсгал, хот хоорондын холбоог эрчимжүүлэх ач холбогдолтой гэдгийг тус мужийн захиргаанаас мэдэгджээ. 

Гүүрний бүтээн байгуулалтад оролцсон инженерүүд рекорд, амжилт тогтоохоос илүүтэй гүн хавцлыг аюулгүй, хурдан туулахуйц бат бөх гүүр барих зорилготой байсан гэдгээ илэрхийлжээ. Гүүрний барилгын ажил гурван жилийн хугацаанд үргэлжилсэн байна.

Гуйжоу муж нь гүн хавцал ихтэй тул эртнээс хот аймаг хооронд хонгил, гүүрээр дамжин холбогддог байжээ. Өдгөө тус мужид 32,000 гаруй гүүр баригдсан бөгөөд дэлхийн хамгийн өндөр 100 гүүрний тал нь энэхүү мужид байрладаг тул  “Дэлхийн гүүрний музей” гэх тодотголыг авсан юм.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.