Батлан хамгаалахын сайд Д.Батлут БНТУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, хатагтай Башак Гэнч Юксэлийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Батлан хамгаалахын сайд Д.Батлут Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс хоорондын харилцаа хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин хөгжиж, иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг онцлоод, хоёр орны батлан хамгаалахын салбар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар дурдлаа.
Түүнчлэн БНТУ-ын “MKE” корпорацтай байгуулсан гэрээний дагуу Монгол улсын Батлан хамгаалах яамны харьяа байгууллагад бага оврын үйлдвэр байгуулах төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаад талархлаа илэрхийлж, цаашид цэрэг техникийн хамтын ажиллагаа, боловсрол, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг чиглэлд улам өргөжүүлэн ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Элчин сайд, хатагтай Башак Гэнч Юксэл Батлан хамгаалахын сайд Д.Батлуттай цаашид батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг илүү өргөжүүлэхэд хүчин чармайлт гаргаж ажиллахаа илэрхийлэв.
Эх сурвалж: Батлан хамгаалах яам

