П.Мөнхтулга: Ахмадуудын тэтгэвэр хангалттай байсан бол зээлийн асуудал яригдахгүй

УИХ-ын гишүүн П.Мөнхтулга Ахмадын тэтгэврийн зээлийн хүүг бууруулах тухай хуулийн төсөл санаачлаад буй. Энэхүү хуулийн төслийн тухай тодрууллаа.

УИХ-ын гишүүн П.Мөнхтулга: Ахмадуудад нэн тэргүүнд тулгамдаж буй асуудал бол тэтгэвэр нэмэх, хоёрдугаарт тэтгэврийн зээлийн хүүг бууруулах юм. Тэтгэвэр нэмэх бол Засгийн газрын бүрэн эрхийн асуудал. УИХ-ын гишүүд Засгийн газарт шаардлага, шахалт үзүүлнэ үү гэхээс  тэтгэвэр нэмэх асуудалд оролцох эрх байхгүй. Хувь гишүүний хувьд хууль санаачлах эрхийнхээ хүрээнд тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудалд анхаарч, сүүлийн 3 сар судалгаа хийж байна. Хууль санаачлах ажлын хүрээнд олон талыг хамарсан хэлэлцүүлэг хийх ётой. Энэхүү хэлэлцүүлгийг 2025 оны 09 сарын 29-нд хийж, Төв банк болон бусад арилжааны банк, ГБХНХЯ, жагсаал хийж буй ахмадын төлөөллүүд оролцсон.

Ахмадын зээлийг нэг удаа тэглэж үзсэн. Үүнээс хойш ахмадуудын 60 хувь нь зээлтэй болчхоод байна. Энэ асуудлыг хуулиар л зохицуулахгүй бол хэн нэгэн сайдын улс төржилтөөр задгай явсаар байгаад маргаантай сэдэв болчихжээ. Тэтгэврийн зээл бол хамгийн эрсдэлгүй зээл. Төр байгаа цагт ахмадын тэтгэврийг хугацаанд нь өгөх нь тодорхой атал яагаад эрсдэлтэй зээлтэй адил хүүтэй болчхов зэрэг асуудлыг хэлэлцсэн. Удахгүй хуулийн төсөл D-Parliament-д тавигдана. Ахмадууд саналаа өгөх нээлттэй.

Арилжааны банкуудын хувьд, тэтгэврийн зээл нийт зээлийн хэмжээнд бага жин дардаг, өндөр эрсдэл учрахгүй тул зохицуулалт хийх боломжтой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн.

Ахмадуудын тэтгэвэр хангалттай байсан бол зээлийн асуудал яригдахгүй. 650 мянган төгрөгөөр амьдрахад өнөөдөр үнийн өсөлт ямар байгаа билээ. Ахмадууд гэнэтийн санхүүгийн асуудал тулгарахад зээл авахаас өөр аргагүйд хүрч байна. Хоёрдугаарт, ажлын байр байхгүй учраас ахмадууд ар гэрээ өөрсдийнхөө нуруун дээр үүрч байна. Цаад уялдааг нь харахаар ажлын байрны хомстолоос болж ажилгүй байгаа хүүхдэдээ ямар нэгэн байдлаар зээл авч, тусалж байгаа. Эдгээр суурь шалтгаануудаа Засгийн газар засах ёстой. Зээлийн хүүндээ мөн их идэгдэж, ачаалал үүрч байна. Зайлшгүй зохицуулалт шаардаж байгаа энэ үед хуулиар зохицуулаад, хүү буураад, тэтгэвэр нэмэгдээд ирсний дараа заавал энэ хуулийг мөрдөөд байх шаардлагагүй. Одоо бол зайлшгүй хуульчлах хэрэгтэй.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.