Говь-Алтай: “Хүүхэд хамгааллын асуудал, шийдэл” чуулга уулзалт болж байна

Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбатын ивээл дор “Хүүхэд хамгааллын асуудал, шийдэл” чуулга уулзалт Алтай хотноо зохион байгуулагдаж байна.

Тус арга хэмжээг Аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Хүүхдийг ивээх сантай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд чуулга уулзалтаар аймгийн хэмжээнд хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, хүүхэд хамгааллын үйлчилгээг сайжруулах талаар салбар дундын хэлэлцүүлгийг өрнүүлж, тулгамдаж буй асуудлыг тодорхойлон, хамтран шийдэл гаргах юм.

Уулзалтад аймаг, сумдын удирдлагууд, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамж, цагдаагийн байгууллагын төлөөлөл, нийгмийн ажилтнууд, эцэг эх, хүүхдүүд болон Хүүхдийг ивээх сангийн мэргэжилтнүүд оролцож, санал бодлоо солилцож байна.

“Хүүхэд хамгааллын асуудал бол бүх нийтийн хамтын хариуцлага юм. Тиймээс салбар бүрийн оролцоог нэмэгдүүлж, хүүхдэд ээлтэй орчныг бодитойгоор бүрдүүлэх нь бидний зорилт” гэж аймгийн Засаг дарга Г.Чинбат онцоллоо.

Мөн, чуулга уулзалтыг угтан хүүхдийн эрх, хамгааллын талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх, хүүхдийн дуу хоолойг сонсох, бүтээлч сэтгэлгээг дэмжих зорилгоор “Хүүхдийн гар зураг, Эссэ бичлэгийн уралдаан”-ыг зарласан.

Энэ үеэр уралдаанд амжилттай оролцсон шилдэг хүүхдүүдээ тодруулж, шагналыг гардууллаа.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.