Эмийн үнэ, эмийн сангийн байршлыг газрын зураг дээрээс шууд хардаг боллоо

Эмийн үнийн ил тод байдлыг хангах, иргэдийн хяналтыг бий болгох зорилгын хүрээнд эмийн үнэ, эмийн сангийн байршлыг газрын зураг дээрээс шууд харах боломжтой em.hdc.gov.mn  системийг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон бусад албаныхан өнөөдөр танилцууллаа. 

Энэхүү системд өнөөдрийн байдлаар 2605 эмийн сангийн байшил, Монгол улсад бүртгэлтэй нийт эмийн жагсаалтаас худалдаанд идэвхтэй ашиглагдаж байгаа 2565 эмийн үнийн мэдээллийг ил тодоор байршуулаад байна. 

Системийг хэрэглэснээр мөн хэрэглэх заавар, хориглох заалт, орц найрлага, тун хэмжээ, үйлдвэрлэгч улс, гарал үүслийн мэдээллийг дэлгэрэнгүй авахаас гадна ижил төстэй эмийн сонголтуудыг ч харж болох юм. Мөн Монгол Улс даяар уг эмийг хэдэн эмийн сан, хаана, хэдэн төгрөгөөр зарж байгаа, тус эмийн сан руу хэрхэн очих заавар харагдах аж. 

Мөн И-баримт аппликэйшний эрүүл мэнд хэсгээс эмийн мэдээллийг сонгож харж болох юм байна.

Уг системийг Эрүүл мэндийн яам, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Эрүүл мэндийн даатгал, Сангийн яамны харьяа Санхүүгийн мэдээллийн технологийн газар, Эрүүл мэндийн хөгжлийн төв, 2600 гаруй эмийн сан, 10 эмийн сангийн пос-ын систем хөгжүүлэгч, Аймаг/Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүдийн оролцоотойгоор 1 сарын хугацаанд хөгжүүлэн, өнөөдрөөс хэрэглээнд нэвтэрлээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.