Версалийн ордны Хааны дуурийн театрын тайзнаа Францын жүжгийн зохиолч Мольерын (1622-1673) хэв маягаар хиймэл оюун ухаанаар (AI) зохиолыг нь бичсэн жүжгийг ирэх онд тавина хэмээн “Agence France-Presse” (AFP) агентлаг мэдээлжээ.
“Одон орны зурхайч ба Худал мэргэ” нэртэй уг бүтээлийг туурвиж дуусаагүй байгаа бөгөөд 2026 оны тавдугаар сард нээлтээ хийх ажээ. Уг жүжигт нэгэн зурхайч эцэг охиндоо дурлаагүй хүнтэйгээ гэрлэвэл аз жаргал, эд хөрөнгө ирнэ гэж мэргэлдэг тухай өгүүлнэ. Харин тэдний гэрийн үйлчлэгч гэрлэлтэд саад хийхийг оролдоно.
Жүжгийн зохиолыг Францын “Mistral” гэдэг гарааны компанид бүтээсэн хиймэл оюуны загвар бичиж байгаа ажээ. Уг загварыг Мольер болон XVII зууны үеийн бусад зохиолчдын бүтээл дээр тулгуурлан сургасан байна. Жүжгийн хэл найруулга XVII зууны хэв маягт нийцэж байгаа эсэх, мөн үйл явдлынх нь логик дарааллыг мэргэжлийн шинжээчдийн комисс шалгах гэнэ. Тайзны чимэглэл, хувцасны загварыг гаргахын тулд хиймэл оюуныг мөн тухайн үеийн уран зураг, зургууд дээр тулгуурлан сургасан байна.
