О.Саранчулуун: БНХАУ-ын элчин сайдтай уулзаж, хамтран ажиллахаар болов

УИХ-ын гишүүн О.Саранчулуун БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шэнь Миньжуаньтай уулзлаа.

УИХ-ын гишүүн О.Саранчулуун энэ талаар:

“Тус уулзалт нь Элчин сайд Шэньтэй хийж байгаа албан ёсны 2 дахь уулзалт бөгөөд уулзалтын зорилго нь 2025 оны 09 дүгээр сарын 11-14-ний хооронд БНХАУ-ын Бээжин хотноо хийсэн бие даасан анхны албан айлчлалын үр дүнгээс хуваалцаж хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх байлаа.

Бид БНХАУ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Холбоо, Туслах хэрэгсэл, туслах технологийн төв, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн үйлчилгээний загвар төвтэй танилцсан билээ.

Монгол Улсад туслах технологийн үндэсний төв, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилгээ үзүүлдэг сэргээн засалтын хүний нөөцийн асуудал асар өндрөөр тулгамдаж байгаа өнөө үед нүдээр үзэх нь тун чухал байснаа илэрхийлэхийн ялдамд үргэлж тусалж дэмжиж явдагт талархаж байна.

Мөн хөгжлийн бэрхшээлийн салбарт тулгамдаж байгаа асуудлаар хамтран ажиллах хэд хэдэн асуудлыг онцгойлон тавив. Үүнд:

1. Хууль эрх зүйн асуудлаар: Саадгүй байдал, хүртээмжийн талаарх хууль тогтоомжийг боловсруулах, хэрэгжүүлэх

2. Чэнгду дэх Сэргээн засалтын сургуультай хамтран ажиллах

3. Туслах технологийн үндэсний төв байгуулахад хамтран ажиллах

4. ХБИБ-уудыг чадавхжуулах, ойлголт нэмэгдүүлэх

5. Соёл, спорт, үзэсгэлэн худалдаа хамтран зохион байгуулах

Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах, Туслах технологийн нөхцөл байдлыг газар дээр нь судлах, Спорт, урлаг, үзэсгэлэн худалдааг хамтран зохион байгуулах боломжтойг дурдаад БНХАУ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Холбоо /Хөгжлийн бэрхшээлийн яам/-ны Гадаад харилцааны хэлтэстэй харилцаж мэдээлэл солилцохоор боллоо. Мөн дараагийн төлөвлөгөө Сэргээн засалтын сургуультай хамтран ажиллах тал дээр анхаарлаа хандуулахаар болов.

Энэ 10 дугаар сард “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв”-д элчин сайдтай хамт зочилж үйл ажиллагаатай танилцахаар болов.

Хөрш орон маань манай хоцрогдсон салбарт хамтран ажиллах сонирхолтойгоо илэрхийлэн мөн тогтвортой байдал тун чухал байгааг дахин дурдсан юм.

Мөн “Бид хийж чадсан бол бусад нь хийж чадна” гэдэг Элчин сайдын үг урам өглөө” гэв.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.