ТӨВ АЗИЙН 11 ОРНЫ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам Азийн Хөгжлийн Банкны (АХБ) “КАРЕК” хөтөлбөрийн дарга Лазиза Сабирова тэргүүтэй төлөөлөгчдийг 2025 оны 10 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар тус хөтөлбөрийн хүрээнд Төв Азийн 11 орны аялал жуулчлалын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүс нутгийн интеграцийн хүрээнд хэрэгжүүлэх шинэ санаачилгуудыг хэлэлцэв.
Сайд Ч.Ундрам Монгол Улсын Засгийн газраас 2023–2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, аялал жуулчлалын салбар хурдацтай хөгжиж байгааг онцлохын зэрэгцээ Нүүдэлчин аялал жуулчлалын коридор байгуулах, Чингис хааны түүхэн газруудаас эхлэлтэй аяллын маршрут гаргах, аялал жуулчлалын салбарыг түшиглэсэн Зүүн бүсийн агаарын төв болох, сургалт, хүний нөөцийг бэлтгэх, хөгжүүлэхэд чиглэн хамтран ажиллах зэрэг санаачилгыг гаргалаа.
АХБ-ны “КАРЕК” хөтөлбөрийн дарга Лазиза Сабирова Ч.Ундрам сайдын санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, Төв Азийн орнуудын хооронд хамтарсан визний хөнгөвчилсөн нөхцөл бий болгох, аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх нь бүс нутгийн эдийн засгийн өсөлтөд чухал ач холбогдолтойг онцоллоо. Тэрээр мөн 2025 оны 11 дүгээр сард Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод болох “КАРЕК”-ийн гишүүн орнуудын сайд нарын уулзалтад Монгол Улсын төлөөлөгчдийг оролцохыг урьж, 2026 онд Монгол Улсад аялал жуулчлалын чиглэлд онцлох арга хэмжээ хамтран зохион байгуулах санал гаргасан юм.
“КАРЕК” хөтөлбөрийн хүрээнд Төв Азийн 11 орон 2030 он хүртэл хэрэгжүүлэх аялал жуулчлалын стратегийг батлан хэрэгжүүлж байгаа ба уг стратегийн зорилго нь тогтвортой, аюулгүй, хялбар зорчих нөхцөл бүхий бүс нутгийг бий болгож, Торгоны замын дагуу өвөрмөц, чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгож, жилийн дөрвөн улиралд аялал жуулчлалын үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд чиглэж байна. Энэхүү хамтын ажиллагаа нь бүс нутгийн орнуудыг олон улсад танигдсан аялал жуулчлалын бүс нутаг болгон төлөвшүүлэх, иргэдэд хүртээмжтэй эдийн засгийн ашиг бий болгоход чухал түлхэц болох юм.
Эх сурвалж: Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам

