Бодибилдингийн спортыг үндэслэгч Жон Уайдерын санаачилсан бодибилдинг, фитнесийн “Mr.Olympia Amateur-2025” тэмцээн АНУ-ын Лас Вегас хотноо болж, Монголын тамирчид гурван алтан медаль хүртжээ.
Тодруулбал, бодибилдингийн 70 кг-ын жинд 2017 оны дэлхийн аварга, Монгол Улсын 10 удаагийн аварга, “Арнолд классик” тэмцээний мөнгөн медальт Д.Энх-Эрдэнэ алтан медалиар энгэрээ мялааж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Түүнчлэн “Men’s physique novice”-д Монголын бодибилдинг, фитнесийн холбооны тамирчин Б.Тэлмэн түрүүлж, “С” ангилалд топ таван тамирчны нэг болжээ. Тэгвэл “Men’s physique open F” ангилалд манай тамирчин О.Тэмүүлэн алтан медаль хүртсэн байна. Энэхүү тэмцээнд монголчууд хоёр дахь удаагаа оролцож байгаа юм. Өнгөрсөн жил манай улсаас Б.Уянга, А.Гантулга нар анхлан энэхүү тэмцээнд эх орноо төлөөлж байв.



