Залуучуудын хөгжлийн төлөөх түншлэл, салбар дундын уялдаа холбоо үндэсний чуулган өнөөдөр /2025.10.20/ Төрийн ордонд болж байна.
Чуулганы үеэр Соёл, Спорт, Аялал жуулчлал, Залуучуудын сайд Ч.Ундрамын хэлсэн үгийг хүргэе.
“Чуулганы эрхэм зочид, оюутан, залуучууд аа,
Өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжихэд үнэтэй хувь нэмэр оруулагч олон улс, иргэний нийгмийн байгууллага болон төр, хувийн хэвшлийн эрхэм зочид, төлөөлөгчид өө,
Өнөөдрийн энэхүү чуулганд хүрэлцэн ирсэн Та бүхэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлж, чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам нь 2024 оны УИХ-ын 13 дугаар тогтоол, Засгийн газрын 18 дугаар тогтоолоор байгуулагдан, залуучуудын хөгжлийн бодлого, үйл ажиллагаанд шинэчлэл хийх түүхэн алхам болж, эрхлэх асуудлынхаа хүрээнд залуучуудын хөгжил, оролцоог дэмжих бодлогыг тодорхойлох чиг үүргийг хэрэгжүүлж байна.
Монгол Улсын хөгжил, эдийн засагт чухал нөлөө бүхий 3 том салбар болох Соёл, спорт, аялал жуулчлал болон 1 хүн амын бүлгийн асуудлыг нэгтгэн одоогийн нөхцөл байдал, судалгаа шинжилгээнд үндэслэн “Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын эрхлэх асуудлын хүрээний 2025-2028 оны стратеги”-н зорилго, зорилтуудаа тодорхойлон батлаад байна.
Монгол Улсын нийт хүн амын 28,6 хувийг эзэлдэг 15-34 насны залуучуудыг дэмжих бодлого нэг удаагийн хөтөлбөр, үйл ажиллагаагаар биш урт, дунд хугацааны хөгжлийн зорилтот хөтөлбөрийн хүрээнд салбар дундын бодлогын уялдаа, салбар яамд болон иргэний нийгэм, олон улсын байгууллага, залуучуудын хамтын ажиллагааны дүнд хэрэгжих ёстой.

Монгол Улсын Их Хурлаас залуучуудын хөгжлийг дэмжих хүрээнд 2017 онд “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль”-г хэлэлцэн баталж, 2018 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2023 онд хуулийн хэрэгжилтийг үнэлсэн байна. Тус хууль нь нийтдээ 4 удаа нэмэлт өөрчлөлт орсон.
НҮБ-ын Хүн амын сан нь 2016 онд Залуучуудын нөхцөл байдлын чиглэлээр судалгаа явуулж “Хүний хөгжлийн илтгэл-2016” эмхэтгэлийг гаргаж, тус эмхэтгэлд үндэслэн Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн үзэл баримтлалыг анх боловсруулан батлуулж байсан түүхтэй.
НҮБ-ын Хүн амын сан нь 9 жилийн дараа “Монголын Залуучуудын нөхцөл байдлын шинжилгээ” судалгааны ажлыг дахин зохион байгуулж, 2025 онд судалгааны эмхэтгэлийг хэвлэн гаргаж, шийдвэр гаргагчид, бодлого боловсруулагчид болон олон улсын байгууллагуудад танилцуулан, хамтран ажиллаа. Энэхүү ажлын хүрээнд дээрх судалгаанд үндэслэн Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн үзэл баримтлалын төслийг боловсруулаад байна.
Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуульд заасны дагуу Улсын Их Хурал нь Залуучуудын хөгжлийг хангах төрийн бодлогыг тодорхойлох, Залуучуудын хөгжлийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах төсвийг батлах, залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих бүрэн эрхтэй. Тэр ч утгаараа уг хуулийн хэрэгжилттэй холбоотой судалгаа, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор Улсын Их Хурлын даргын 2024 оны 81 дүгээр захирамжаар “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг”-ийг байгуулсан.
Ажлын хэсгийн хүрээнд Монгол Улсын Их хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 10 дугаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолоор Залуучуудын хөгжлийг дэмжих хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ, залуучуудын өнөөгийн нөхцөл байдлын үр дүнд үндэслэн Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг, залуучуудын боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, хөгжил, оролцоо, нийгмийн асуудлыг иж бүрнээр шийдвэрлэх зорилго, зорилтыг тусгасан Хөгжлийн зорилтот хөтөлбөрийн төслийг тус тус боловсруулж 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан Монгол Улсын Их хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгаад байна.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам нь дээрх чиглэлийн хүрээнд 13 аймгийн хүрээнд бүсчилсэн 4 зөвлөгөөн, 10 хэлэлцүүлэг, 2 чуулган зохион байгуулж, Залуучуудын хөгжлийг дэмжих бодлого, стратеги танилцуулан хэлэлцүүлж нийт 4320 хүн оролцон санал хүсэлтээ илэрхийлээд байна.
Өнөөдрийн залуучуудын хөгжлийн төлөөх түншлэл, салбар дундын уялдаа холбоо үндэсний чуулганы хүрээнд 4 аймаг, 12 яамны хэмжээнд орон нутгийн болон салбарын залуучуудын хөгжлийг дэмжих асуудлаар урьдчилсан хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, тус хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн өнөөдөр чуулж байна.
Дээрх урьдчилсан хэлэлцүүлгүүдээс гарсан саналууд, чуулганы нэгдсэн зөвлөмжийн хэрэгжилтийн хүрээнд Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусган дахин танилцуулах болно.
Ингээд нийт оролцогчид, зочид, төлөөлөгчид та бүхэндээ амжилт хүсэн чуулганы үйл ажиллагааг эхлүүлье” гэв.



