Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сан, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс Нийгмийн сэтгэл зүй, хүүхэд, өсвөр үеийн сэтгэцийн эрүүл мэндийн зан үйлийн талаарх судалгааны үр дүнг танилцуулах уулзалт-хэлэлцүүлгийг /2025.10.20/ зохион байгууллаа.
УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: Манай улсад сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн 18.5 хувийг сэтгэл түгшилт, 17.1 хувь нь органик бус нойргүйдэл, 16.2 хувь нь архаг ядаргаа, 17.7 хувь нь биеийн хэлбэрийн эмгэг, 6.2 хувь нь архинд донтох, 6 хувь сэтгэл гутрах эмгэг эзэлж байна.
Монгол Улсын 2024 оны эрүүл мэндийн статистикийн мэдээгээр амиа хорлолтоос шалтгаалсан нас баралтын түвшин 100 мянган хүн амд 15.3 байгаа нь сүүлийн 10 жилийн дунджаас 0.5 хувиар, өмнөх оноос 0.6 хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Нийт нас баралтад эзлэх амиа хорлогчдын насны бүлэгт эзлэх хувь 15-19 насныхны 23.4 хувь буюу 4 хүн тутмын 1, 20-24 насны залуучуудын 27.4 хувь буюу мөн 4 хүн тутмын 1 нь амиа хорложээ. Өөрөөр хэлбэл, нийт амиа хорлож нас барсан тохиолдлын 50.8 хувь буюу хоёр хүн тутмын нэг нь өсвөр насны хүүхдүүд, залуучууд байгаа юм.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сангийн тэргүүн, доктор Халид Шарифи: Өсвөр насны хүүхдүүд амиа хорлох талаар бодож байсан, гэр бүлийн гишүүдийн дарамт, хүчирхийлэлд өртдөг зэрэг асуудлаас улбаалан сэтгэл зүйн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх, хамгаалах механизмыг боловсруулж ажиллах нь чухал. Үндэсний хэмжээнд энэ асуудлыг анхаарах шаардлагатай гэв.

Үүний дараа судлаач Ө.Эрдэнэчимэг хүүхэд, өсвөр үеийн сэтгэцийн эрүүл мэндийн зан үйлийн талаарх судалгааг, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Г.Ууганцэцэг Монгол Улс дахь амиа хорлолтын нөхцөл байдлын дүн шинжилгээний талаар танилцуулсан бол тус төвийн дэд захирал Н.Алтанзул амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийн талаар оролцогчдод мэдээлэл хүргэсэн юм.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан, бид өсвөр насныханд амиа хорлох сэдлийг төрүүлэхгүй байхад анхаарах хэрэгтэй. Эцэг эхчүүдийн хайхрамжгүй байдал, үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт үүнд нөлөөлж байна хэмээгээд, хүүхэд өөрийгөө илэрхийлэх, хүлээн зөвшөөрүүлэхийг хүсдэг. Сэтгэл зүйн асуудлуудад онцгой анхааран ажиллах нь зүйтэй гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар энэ оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сум, хороо бүрд хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтны орон тоог тогтоосон. Салбар хоорондын уялдаа холбоог хангаж ажиллах нь зүйтэй хэмээв.
Хүчирхийллийн эсрэг төвийн гүйцэтгэх захирал Н.Арвинтариа, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль эрх зүйн орчин бүрдэж, тодорхой ахиц гарсан ч хуулийн хэрэгжилт хангалтгүй, хохирогч хамгааллын тогтолцоо үр дүнтэй ажиллахгүй байна. Санхүүжилт дутмаг байгаагаас үйлчилгээ үзүүлж байгаа төрийн бус байгууллагууд цөөрч, хамгаалах байр хаагдах эрсдэл үүсээд байгааг мөн дурдсан юм.
Гэр бүлийн хүчирхийлэл, ядуурал, сэтгэл зүйн эмзэг байдал зэрэгтэй холбоотой 65-аас дээш насны ахмадуудын дунд амиа хорлолтын тохиолдлын тоо нэмэгдэж, эрэгтэйчүүдийн дунд амиа хорлолтын тохиолдол эмэгтэйчүүдтэй харьцуулахад 7 дахин өндөр байгаа зэрэгт онцгой анхаарах шаардлагатайг судалгаа харуулжээ.
Цаашид хүүхэд, өсвөр үе, ахмадуудынхаа эрүүл мэндийг эрсдэлээс хамгаалах, амиа хорлох оролдлогыг бууруулах, сэргийлэх, дэмжлэгт орчныг бүрдүүлэх, алсын хараатай, нотолгоонд суурилсан, цогц арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэхэд салбар дундын нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж батлуулах талаар хэлэлцүүлгийн үеэр хөндөж, хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

When some one searches for his necessary thing, therefore he/she needs to be available that
in detail, therefore that thing is maintained over here.
my website – Fungsi Paito Warna Carolina Day untuk apa?