Б.Эрмүүнзаяа, Э.Арвин-Эрдэнэ нар дэлхийн аварга боллоо

Туркийн Анталия хотод 100 буудалт даамын өсвөр, залууучуудын ДАШТ үргэлжилж байна.

Тус тэмцээнд 17 тамирчин оролцож байгаа бөгөөд тэмцээн дуусахаас нэг өргийн өмнө 2 тамирчин алтан медаль хүртэх болзол хангажээ. Тодруулбал, хөвгүүдийн 9-10 насны ангилалд “Ирээдүй” даамын академийн тамирчин, спортын мастер Э.Арвин-Эрдэнэ, охидын 9-10 насанд ангилалд Архангай аймгийн “Даам Месси” клубийн тамирчин, спортын мастер Б.Эрмүүнзаяа нар дэлхийн аварга боллоо.


Б.Эрмүүнзаяагийн хувьд Монголын даамчдаас ДАШТ-ий үндсэн төрөлд хошой аварга болсон анхны тамирчин болж байгаа бөгөөд үүнээс гадна блиц төрлөөр хоёр, рапид төрлөөр нэг алтан медаль хүртэж байв. Харин Э.Арвин-Эрдэнэ ДАШТ-д анх удаа түрүүлж байна. ДАШТ-ий стандарт төрлийн сүүлийн өргийн тэмцээн өнөөдөр болсноор медальтнууд эцсийн байдлаар тодорно.

Монголын даамчид өсвөр, залуучуудын ДАШТ-д 1991 оноос эхлэн оролцжээ. Тэд 100 буудалт даамын стандарт төрлөөс 17 алт, 15 мөнгө, 16 хүрэл медаль хүртсэнээс гадна сүүлийн гурван ДАШТ-д багийн дүнгээр тэргүүлсэн байна. 

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.