Алтай хотноо “Хөрөнгийн зах зээлээс төсвийн бус эх үүсвэр татах, хөрөнгийн зах зээлд оролцох зөвлөх үйлчилгээ үзүүлэх” сургалт амжилттай зохион байгуулагдлаа.
Сургалт нь аймаг, орон нутгийн байгууллагууд болон аж ахуйн нэгжүүдэд хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах шинэ боломжуудыг танилцуулах, хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой юм.
Тус сургалтыг Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбат, Нийслэлийн өмчит “Улаанбаатар хөрөнгө оруулалт менежмент” ҮЦК ХХК-тай байгуулсан хамтран ажиллах Санамж бичгийн хүрээнд зохион байгуулсан юм. Санамж бичгийн гол зорилго нь аймаг, орон нутгийн хөгжлийн төслүүдийг санхүүжүүлэх шинэ эх үүсвэрийг бүрдүүлэх, орон нутгийн эдийн засгийн идэвхийг нэмэгдүүлэхэд чиглэж байна.
Сургалтад аймгийн удирдлагууд, төрийн байгууллагуудын төлөөлөл, ИТХ-ын төлөөлөгчид, санхүүгийн чиглэлийн мэргэжилтнүүд оролцлоо.
Нийслэлийн өмчит “Улаанбаатар хөрөнгө оруулалт менежмент” ҮЦК ХХК-тай байгуулсан хамтран ажиллах Санамж бичгийн хүрээнд тус компанийн гүйцэтгэх захирал Ганбаатарын Гангамөрөн, Хөрөнгө оруулалт, төслийн удирдлагын газрын дарга Х.Анхсүрэн, Нийслэлийн Ногоон сан хариуцсан менежер М.Мөнхжаргал нар сургалтын явцад дараах чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлж, практик мэдлэг олголоо.
Тодруулбал,
• Хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах боломж, нөхцөл
• Бонд гаргах үйл явц, эрх зүйн зохицуулалт
• Орон нутгийн хөгжлийн төслүүдэд хөрөнгө оруулалт татах загварууд
Сургалтын үр дүнд оролцогчид хөрөнгийн зах зээлээр дамжуулан аймаг, орон нутгийн дэд бүтэц, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт хөрөнгө татах мэдлэг, арга барилд суралцаж, цаашид мэргэжлийн зөвлөх үйлчилгээ авах боломж бүрдэж байна.

