Д.Цэгмэд: Нагац ах, Ардын зураач Н.Чүлтэмийнхээ гавьяаг хүүхэд залууст таниулахыг зорьдог

  Төрийн соёрхолт, хөдөлмөрийн баатар, ардын зураач Н.Чүлтэмийн нэрэмжит “Уран бийр” сургалтын төвийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын зөвлөх багш Д.Цэгмэдтэй ярилцлаа. Тэрээр зураг урлал болон боловсролын салбарт 40 гаруй жил ажиллаж, олон арван хүүхэд, залуусыг зурж урлах эрдэмд хөтлөн, сурган хүмүүжүүлжээ.

 Танд энэ өдрийн мэнд хүргэе. Төрж өссөн нутаг, төгссөн сургуулийнх нь талаар ярилцлагаа эхэлье?

   Би Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи багийн уугуул. Сумынхаа сургуулийн 8-р ангийг 1981 онд төгсөөд, Дүрслэх Урлагийн Дунд сургуульд элсэн орж, 1985 онд зураач мэргэжлээр, Дүрслэх Урлагийн Дээд сургуулийг 1997 онд багш мэргэжлээр тус тус төгссөн.

  Таны зурах авьяас хэдийнээс илрэв? Удам байв уу?

1-р ангидаа зургийн уралдаанд оролцож түрүүлээд,их урам авсан. Дунд ангид ороод багш нартайгаа хамтран сургуулийнхаа анги танхим, дотуур байрын тохижилтыг хийж, багш нарын үзүүлэнгийн зургийг зурж өгдөг байсан.

Ардын зураач Н.Чүлтэм миний нагац ах.Агуу зураачийн авьяас, удмын ген бидэнд өвлөгдсөн.

    Ах, дүүс хэдүүлээ вэ? Танай удамд танаас өөр зураач, урлаач хүн байна уу?

    Аав ээж минь11 хүүхэд төрүүлж өсгөсөн. Миний ах Д.Чулуунбат зураач, Д.Цээбаримэд сийлбэрчин, дүү Д.Санжжав сийлбэрчин, Д.Буяннэмэх уран дархан. Дүү Д.Энхтуяа маань зохиолч бөгөөд Нидерланд улсад “Мэргэн” нэртэй  монгол өв соёлын сургууль байгуулан, гадаадад амьдарч буй хүүхэд багачуудад монгол хэл бичиг, өв соёлоо зааж сургах, өвлүүлэн үлдээхэд хувь нэмрээ оруулж байна.      

    Н.Чүлтэм ахын ихэр хүү Ч.Энхжин төрийн шагналт, Ч.Мөнхжин нь урлагийн гавъяат зүтгэлтэн цол хүртсэн нэрт зураачид байдаг. Охин Ч.Нармандах нь СГЗ зураач, Ч.Уранчимэг нь АНУ-н Индианагийн их сургуульд Азийн урлагийн багш, урлаг судлалын ухааны доктор хүн бий.

   Таны ажлын түүхийг сонирхвол?

Дүрслэх Урлагийн сургуулиа төгсөөд, Архангай аймгийн Урчуудын эвлэлд 6 жил зураачаар ажилласан.1991 -1998 онд аймгийнхаа1-р 10 жилийн сургуульд,1998-2022 онд Эрдэнэт хотын 1-р сургуульд, 2023-2025 онд “Уран эгшиг” урлагийн сургуульд багшаар ажиллаад, гавьяаныхаа амралтанд гарсан.Одоо Эрдэнэт хотод “Уран бийр” сургалтын төвдөө ажилладаг. Энэ төвөө 2015 онд үүсгэн байгуулсан. Орхон аймгийн Зураач урчуудын холбооны тэргүүлэгчээр 2010-2015 онуудад ажиллаж байсан.

    Зураач, урлан бүтээгчид төрж, өссөн нутаг орныхоо хөгжил,бүтээн байгуулалтанд их хувь нэмэр оруулдаг шүү дээ. Таны хувьд ?

 1981 онд болсон сумынхаа Бадрал нэгдлийн 40 жилийн ойн зураг чимэглэлийн ажлыг тэр үеийн эвлэлийн үүрийн дарга Алтанчөлөө,багш В.Цэрэндорж, Н.Хүрэлбат, ах Чулуунбат нарын хамт хийж байлаа.1981 он бол 8-р ангиа дөнгөж төгсөөд,зураачийн сургуулийн оюутан болсон эхний жил байсан.Намын орлогч Лхагвасүрэн дарга өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь хийж,сайн  зурахгүй бол сургуульд нь явуулахгүй,малчин болгоно гэж айлгана.Сургуульдаа явахын тулд их л хичээнгүйлэн ажилладаг байлаа.Сумынхаа түүхэн ойнуудад хувь нэмрээ оруулсаар ирсэн.2023 онд сумын 100 жилийн ой тохиож,музейн шинэ барилга ашиглалтанд ороход, дотоод тохижилтын эскиз,байгалийн булангийн зургын ажлыг хийсэн.Сургууль, цэцэрлэгт урлагийн заал,гадаад орчны зураг чимэглэлийг хийж, хүүхэд багачуудын дунд зургийн уралдаан зохион байгуулж, зурах авьяастай хүүхдүүдийг тодруулах, хөгжүүлэхэд дэм болж байна. Багш хүн учраас олон шавьтай. Эдгээрийн 50 гаруй нь уугуул нутгийн минь хүүхдүүд байдаг.

  Нэгдсэн эмнэлэг, түүхийн музейд зурсан уран зургуудаа дурсгаж байсан. 1990 онд Булган уулын өвөр дэх Бурхан багшийн хөшөөг сэргээн засварласан.

       Онцлох буюу түүхэн бүтээлүүд гэвэл та юуг нэрлэх вэ?

   Монгол туургатны математикийн 31-р олимпиадын лого зурж, бүтээх уралдаанд тэргүүн байр эзэлж, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн оюунлаг залууст эх орноо сурталчлахад хувь нэмрээ оруулсандаа бахархдаг. Дээд сургууль төгсөхдөө хийсэн дипломын ажил онцлох бүтээл. Аймгийн Урчуудын эвлэлд ажиллаж байхдаа олон сумдын тохижилтын ажилд хувь нэмэр оруулсан.Тэр үед Тамир кино театрт шинэ кино ирэхэд гол дүрүүдийг 8х4м хэмжээтэй даавуун дээр зуруулж, нийтийн талбайд байрлуулан,киногоо сурталчилдаг байсан.Ажлын хөлсөнд нь кино үнэгүй үздэг байлаа.Цаг үеийн асуудлаар шог зураг зураад, Архангайн үнэн сонинд хэвлүүлэн, оны шилдэг “Алтан үзэг” шагнал авч байлаа.

      Уран бүтээлийнхээ үзэсгэлэнг гаргаж байв уу?

1991 онд төрөлх сумандаа гаргаж байсан. 2017 онд Манжуур хотод Эрдэнэт хотын соёлын өдрүүд зохион байгуулагдахад тэнд очиж,үзэсгэлэнгээ гаргасан. 2025 онд Улаанбаатар хотноо Монгол Арт галлерейд үзэсгэлэн гаргасан. Нийтдээ 15 удаа үзэсгэлэн гаргасан байдаг.

      Та яруу найраг болон мэргэжлийнхээ талаар ном бичиж хэвлүүлсэн шүү дээ. Энэ тухайд.

 Зураач болох хүүхэд залуус болон багш нарт зориулж ”Уран бичлэг- 1,2”, “Дүрслэх арга”,“Зурж урлах арга зүй”, хүүхэд залуусын хүмүүжил, төлөвшилд зориулж, “Хүн байхын учир” ном бичиж хэвлүүлсэн.Таван дууны шүлэг бичиж, ая хийлгэсэн.

     Таны хөдөлмөр зүтгэл, авьяасыг холбогдох байгууллагууд хэрхэн үнэлэв?

1996 онд Архангай аймгийн “Шилдэг багш”-аар шалгарсан. 1996 онд ур чадварын улсын уралдаанд оролцоод тусгай байр эзлэхэд тэргүүлэх мэргэжлийн зэрэг, 2023 онд зөвлөх багш мэргэжлийн зэрэг олгосон.Боловсролын болон соёлын тэргүүний ажилтан. Хүүхдийн Төлөө Үндэсний төвийн хүндэт үнэмлэх, Дэлхийн Азийн урлагийн байгууллагын алтан медаль, 2024 онд Алтан гадас одонгоор шагнагдсан. Багш нарын дунд зарлагдсан уран зургийн улсын уралдаанд 2-р байр эзэлж, багш нарын 6-р их хуралд төлөөлөгчөөр оролцож байсан. Мөн Өндөр-Улаан сумын хүндэт иргэн.

         Цаашид уран бүтээлийн тал дээр ямар ажлуудыг төлөвлөж байна вэ?

   2025 онд аймгийнхаа түүхийн музейгээр ороход Н.Чүлтэм ахын уран бүтээл, түүхтэй холбоотой зүйл огт байхгүй байгаа нь  харамсалтай санагдсан. Энэ агуу хүний гавьяаг хүүхэд залууст таниулах, уран бүтээл, түүхэн танилцуулгыг нь музейд байрлуулж, хадгалуулахаар төлөвлөсөн ажлууд бий. 11-р сард Архангай аймагт Н.Чүлтэм ахын нэрэмжит зургийн уралдаан зохион байгуулна.

 Ярилцсанд баярлалаа.Таны цаашдын уран бүтээлд амжилт хүсье.

Орон нутаг дахь сурвалжлагч Л.Цэвэлмаа

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.