Монголын үндэсний олимпын хорооны 70 жилийн ойн хүрээнд “Олимпын анхдагчид- Бидний бахархал” дурсамж уулзалт боллоо.
Монголын үндэсний олимпын академиас 2014 оноос эхлэн жил бүр болдог энэхүү үйл ажиллагааны үеэр 1964, 1968 оны олимпын наадамд оролцсон ахмад тамирчдад хүндэтгэл илэрхийлдэг уламжлалтай бөгөөд 12 дахь жилдээ МҮОХ-той хамтран зохион байгуулав. МҮОХ-ны түүхт 70 жилийн ойг угтсан энэхүү уулзалтад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Баянмөнх, Ч.Дамдиншарав, чөлөөт бөхийн анхны шигшээ багийн тамирчин “жижиг” хэмээх Б.Санжаа тэргүүтэй 1964, 1968 оны өвөл, зуны олимпын наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцсон спортын нэрт тамирчин, зүтгэлтнүүд оролцож түүхэн дурсамж, бахархлаа хуваалцав.

