Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсэн өдөр тохиож байна

Д.Нацагдорж нь 1906 оны 11 сарын 17-нд хуучин Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу, өнөөгийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Гүн Галуутай гэдэг газар ядуу тайж Цэрэндоржийн Дашдоржийн гэрт мэндэлжээ.

Их зохиолчийг 1913 онд долоон настай байхад эх Цоомойн Пагма нь бие барсан тул тэрээр эцэг Дашдоржийн эвээлд гэрээрээ өсөж 1914 онд нийслэл Хүрээ рүү шилжин нүүж суурьших болжээ. Д.Нацагдоржийн эцэг Цэрэндоржийн Дашдорж 1926-1927 онд БНМАУ-ын Цагдан сэргийлэх газрын даргаар томилогдон ажиллаж байсан баримт байдаг.

1915 онд Хүрээнд ирээд эцэг нь түүнийг 9 нас хүрмэгц Их хүрээний Алтангэрэл гэдэг хүнд шавь оруулан бичиг заалгаж, монгол бичгээр тодорхой уншиж, сайн бичдэг болсон байна.

1918 оны сүүлчээр Д.Нацагдорж Цэргийн яамнаа бичээчийн алба хаажээ.

1921 онд Ардын хувьсгал ялсны дараа нийгэм улс төрийн ажилд идэвхтэй оролцож, хувьсгалт шинэ соёл урлагийн ажилд чармайн зүтгэж байв. 1921 оноос тэрээр Цэргийн яаманд бичээч, жанжин Д.Сүхбаатарын гарын туслах түшмэл, Цэргийн зөвлөлийн нарийн бичгийн даргын алба хашиж байжээ. 1922 оны 4-р сард Монгол Ардын Намд гишүүнээр элсч, Намын Төв Хороонд туслах түшмэлээр батлагдаж зохион байгуулах хэлтэст ажиллаж байгаад уг хэлтсийн эрхлэгч болсон.

1923 оны 3-р сард Монгол Ардын Намын Төв Хорооны Бүгд хурлаар Намын Төв Хорооны орлогч гишүүн, мөн оны 6-р сард Намын Төв Хорооны 11-р Бүгд хурлаар Намын Төв Хорооны нарийн бичгийн даргаар сонгогдсон байна. 1923 оны 7-р сард Монгол Ардын Намын 2-р Их хурлаар Намын Төв Хорооны гишүүн, тэргүүлэгч гишүүн бөгөөд Намын Төв Хорооны нарийн бичгийн даргаар сонгогдож байжээ. 1923 оны 9-р сараас 1924 оны 4-р сар хүртэл Д.Нацагдорж Дотоодыг хамгаалах газарт комиссар байсан.

1924 оны 2-р сарын 5-нд Монголын Ардыг гэгээрүүлэх яам байгуулагдаж «Ардын цэрэг» сонин анх буй болж, сонины эрхлэгчээр тэр үед Бүх цэргийн зөвлөлд алба хааж байсан Н.Жамбаа, Д.Нацагдорж нарыг томилжээ.

1924 онд 18 настай Д.Нацагдорж Улсын Анхдугаар Их Хурлын зохион байгуулалтын ажилд оролцож мөн оноос Д.Нацагдорж МХЗЭ-ийн Төв Хорооны хоёрдугаар нарийн бичгийн даргын ажлыг хавсран гүйцэтгэж байсан ажээ.

1925 оноос Д. Нацагдорж «Ардын цэрэг» сонины эрхлэгчээр ажиллаж, Бүх Монголын Пионерийн байгууллагын Товчооны дарга хийж байсан.

Ямагт сурч боловсрохын төлөө шамдаж ирсэн Д.Нацагдорж нь ЗХУ-ын Ленинград хотод Н.Г.Толмачевын нэрэмжит Цэргийн улс төрийн академид 1925 оны намар явж суралцаад 1926 оны зун чөлөөгөөр орон нутагтаа буцаж иржээ.

Ардын Засгийн газраас Герман улсын холбогдох албаны хүмүүстэй ярилцаж тохиролцсоны дагуу 1926 оны 9-р сарын 11-ны өдөр намын Төв хорооны Зохион байгуулах зөвлөлийн 24 дүгээр хурлаас Д.Нацагдорж, Дамдины Пагмадулам, Пунцаг, Лувсанчүлтэм, Санжаа, Бат-Очир нарын зургаан хүнийг Герман улсад явуулж сургах шийдвэр гарсан байна. Ийнхүү тэр үед Герман, Франц улс дахь сурагчдын тоо нийтдээ 44 хүрсэн байна.

Д. Нацагдорж 1929 оны хавар эх орондоо буцаж ирээд нэг жил Улаанбаатар хотын Төмрийн үйлдвэрт орчуулагч, 1930 оны хавраас 1931 оны 1-р сар хүртэл “Залуучуудын үнэн” сонинд утга зохиолын ажилтан, 1931 оны 1-р сараас Шинжлэх ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1934 оноос мөн хүрээлэнд түүхийн ба дуун ухааны тасгийн эрхлэгч, 1937 оны 3-р сарын сүүлчээс Төв театрт мэргэжлийн зохиолчоор ажиллаж байжээ.

1931 оны 12- сарын 31-нд Д.Нацагдорж нь хэсэг нөхдийн хамт шинэ жилийг угтаж ёсолсныг нь шалтгаан болгон Д.Нацагдорж, орос хэлний орчуулагч Лооройсамбуу, Шинжлэх ухааны хүрээлэнгийн гэрэл зургийн мэргэжилтэн Гомбожав, Комбинатын инженер Хурлаат, орос эхнэрийнхээ хамт, Намнандорж орос эхнэрийнхээ хамт, Гаалин мөн орос эхнэрийнхээ хамт… Т. Нацагдорж, Гомбо, бас Намдаг нарыг баривчилсан байна.

1932 оны 5 дугаар сарын 18-нд Д.Нацагдоржийг баривчлан хорьж, мөрдөн байцааж эхэлжээ (бүтэн 6 сар гянданд хоригдсон байна). 1931-32 оны үед орос эмэгтэй Нина Чистяковатай (1909 онд төрсөн) нэг гэрт оржээ.

1934 оны 3-р сарын 22-нд Д. Нацагдорж Н.Чистякова нарын охин Нацагдорж Ананда-Шири Улаанбаатар хотноо мэндэлсэн.

1936 оны 11-р сарын 7-нд Шинжлэх ухааны Түүхийн болоод Дуун ухааны (Хэлбичгийн) тасгийн эрхлэгчийг хавсарч байсан Д.Нацагдоржийг гэрэл зургийн лабораториос гэрэл зургийн цаас зураг буулгахаар авсныг далимдуулан Хүрээлэнгээс удаа дараа алдсан эд юмсын хулгайд сэрдэн гүтгэж, түүнийг хоёр удаа баривчлан хориод мөрдөн байцааж эхэлжээ.

1937 оны 7-р сарын 13-нд Монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч, суут зохиолч Дашдоржийн Нацагдорж уран бүтээлийнхээ ид цэцэглэлтийн үед насан эцэслэснийг «Шинэ толь» сэтгүүлд товч мэдээлсэн байна.

Д.Нацагдоржийн зохиол гадаадын олон хэлнээ орчуулагдсаны гадна түүвэр зохиол нь ОХУ, Энэтхэг, Герман зэрэг олон оронд хэвлэгджээ.

Тэрээр “Учиртай 3 толгой” аялгуут жүжиг, “Хуучин хүү”, “Цагаан сар ба хар нулимс”, “Харанхуй хад”, “Үзэгдээгүй юм”зэрэг өгүүллэгүүд, Миний нутаг”, “Дөрвөн цаг”, “Од” шүлэг, “Ламбугайн нулимс”, “Харанхуй хад”,“Шувуун саарал”, “Хөдөө талын үзэсгэлэн” зэрэг олон арван сод бүтээлүүдээрээ Монголын ард түмний зүрх сэтгэлд мөнхрөн үлдсэн билээ.

Түүний бүтээлүүд “Учиртай гурван толгой”-1934 онд, Зохиолын түүвэр-1955 онд, алдарт “Миний нутаг”-1963 онд, Ламбагуайн нулимс-1976 онд Шувуун саарал нэртэйгээр хэвлэгдэж байжээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.