2025 оны арваннэгдүгээр сарын 23-24-ний өдрүүдэд Дундговь, Өмнөговь, Төв аймгийн таван суманд төөрсөн, сураггүй болсон тухай дуудлага Онцгой байдлын байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу зохион байгуулсан эрлийн ажиллагааны үр дүнд нийт 15 иргэнийг, 7 том хүн, 8 хүүхдийг, эсэн мэнд олсон байна.
Иргэдийн ихэнх нь малаа хариулж яваад, мөн зарим нь автомашинтайгаар зорчиж байхдаа төөрч, холбоо тасарсан байжээ.
Эрлийн ажиллагаанд тухайн аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн байгууллага болон орон нутгийн мэргэжлийн ангийн нийт 74 алба хаагч, 13 автомашин, техник хэрэгсэлтэйгээр оролцож, богино хугацаанд үр дүнтэй ажиллав.
Онцгой байдлын байгууллага иргэдэд орон нутгийн нөхцөл, цаг агаарын эрсдэлийг тооцон замд гарах, хүүхдийг хараа хяналттай байлгах, мал хариулах үед холбоо барих хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангахыг анхаарууллаа.
