БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамнаас Бээжин хотноо зохион байгуулж байгаа “Хот дахь эрэн хайх, аврах ажиллагаа”-ны сургалтад Онцгой байдлын байгууллагын 30 алба хаагч хамрагдаж байна.
Сургалтын хүрээнд бүх төрлийн барилгын нуранги болон өндрөөс аврах ажиллагааны онол, дадлага хосолсон сургалт явагдаж, эрэн хайх, аврах ажиллагааны стандарт, орчин үеийн арга зүй, тоног төхөөрөмжийн ашилалтын талаар мэдлэг олгох бөгөөд олон улсын туршлагаас суралцана.
Онцгой байдлын байгууллагаас НҮБ-ын Олон улсын эрэн хайх, авран туслах зөвлөлдөх бүлгийн ангилалд хамрагдсан хот дахь эрэн хайх, аврах дунд түвшний багтай болох, албаны хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг сайжруулах чиглэлээр зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд тус зорилтод хүрэхэд энэ удаагийн сургалт ач холбогдолтой юм.
Сургалтын үр дүнд алба хаагчдын хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны мэдлэг, мэргэжлийн ур чадвар дээшлэх бөгөөд сургалт ирэх арванхоёрдугаар сарын 04-нийг хүртэл үргэлжилнэ гэж ОБЕГ-аас мэдээллээ.





