Парис хотноо болсон Дэлхийн өвийн конвенцын Талуудын 25 дугаар Ерөнхий Ассамблейн чуулганаар Монгол Улс ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны гишүүнээр анх удаагаа сонгогдлоо.
Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Нээлттэй суудлын төлөөх энэхүү санал хураалтаар Монгол Улс нийт нэр дэвшигчдийн дундаас хоёрдугаар байрт шалгарсан нь манай улсын олон улсын нэр хүнд, нэгдсэн зохион байгуулалттай хийгдсэн нөлөөллийн ажил, тууштай бодлого, хамтын хичээл зүтгэлийн үр дүн болсон түүхэн амжилт юм.
ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай 1972 оны конвенцын дагуу байгуулагдсан Дэлхийн өвийн Засгийн газар хоорондын хороо нь Дэлхийн өвийн жагсаалтад өв бүртгэх, хасах, бүртгэлтэй өвийн хадгалалт хамгаалалтын асуудлаар шийдвэр гаргах, санхүүжилт хуваарилах, конвенцын хэрэгжилтийг хангах зэрэг чухал үүргийг хэрэгжүүлдэг, 21 гишүүн улсаас бүрдсэн олон улсын нэр хүндтэй бүтцийн нэг юм.
Манай улс тус хорооны гишүүнээр сонгогдсоноор конвенцын хэрэгжилтийг олон улсын түвшинд идэвхтэй дэмжихээс гадна манай улсад хамааралтай асуудлуудад байр сууриа бүрэн эрхтэйгээр илэрхийлэх, зөвлөмж, шийдвэрийн хэлэлцүүлэгт шууд оролцох боломж нээгдэж байна. Түүнчлэн энэ нь соёлын болон байгалийн өвийн салбарын үндэсний мэргэжилтнүүдийн чадавхыг нэмэгдүүлэх, олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Монгол Улсын нэр хүндийг дэлхийн хэмжээнд бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Монгол Улс уг сонгуульд нэр дэвшин, амжилттай сонгогдоход үнэтэй хувь нэмэр оруулсан байгууллагууд, салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид, дипломат төлөөлөгчийн газрууд, нөлөөллийн ажлын бүхий л шатанд хичээл зүтгэл гарган ажилласан албан хаагчид, хамт олон болон дэмжлэг үзүүлсэн бүх хүмүүст гүн талархал илэрхийлье.
Энэхүү өндөр хариуцлагатай хороонд сонгогдсон нь Монгол Улсын олон улсын тавцан дахь байр суурийг шинэ түвшинд ахиулж, дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах хамтын хүчин чармайлтад манай улс идэвхтэй, жинтэй хувь нэмэр оруулж буйг бататгасан чухал үйл явдал боллоо” гэв.
