Д.Амарбаясгалан: Улс тунхагласны өдөр Монгол төрийн оршин тогтнох баталгаа

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан мэндчилгээ дэвшүүллээ.

Дэлхийн өнцөг булан бүрт амьдран суугаа элэг нэгт Монголчууд аа 🇲🇳

​Өнөөдөр бид монголчууд дэлхий нийтэд төр улсаа зарлан тунхагласан түүхэн өдрийг ёслол хүндэтгэлтэйгээр тэмдэглэдэг билээ. 1911 онд монголчууд хоёр зуун жилийн Манжын ноёрхлыг эцэс болгон, Богд хаант Монгол Улсаа байгуулж, төрийн далбаагаа дахин мандуулсан нь үндэсний сэргэн мандлын эхлэлийг тавьсан түүхэн үйл явдал болсон.

​Энэхүү түүхэн тэмцэл нь 1921 оны Ардын хувьсгалын ялалтаар улам бэхжиж, улмаар 1924 онд Анхдугаар Үндсэн хуулийг баталснаар Монгол Улс орчин үеийн төрийн байгуулалт, эрх зүйн сууриа дэлхий дахинд албан ёсоор зарласан юм.

​Улс тунхагласны өдөр бол түүхэн тэмдэглэлт өдөр төдий бус, Монгол төрийн оршин тогтнох баталгаа, Монгол хүний эрх чөлөө, тусгаар тогтнолын үнэ цэнийг үеийн үед сануулдаг онцгой утгатай өдөр билээ. Өнөөдөр бид шинэ Үндсэн хуулиараа баталгаажсан парламентийн тогтолцоогоо төгөлдөржүүлж, төрийн ил тод байдал, иргэний оролцоо, хууль дээдлэх зарчмыг бэхжүүлэх зорилгоор тууштай ажиллаж байна.

​Өнөө цагийн бидний үүрэг бол энэ үнэ цэнийг хамгаалж, эв нэгдлээ бататган, шударга ёсыг төлөвшүүлж, хөгжил дэвшлийг түүчээлж, Монгол Улсаа ирээдүй хойч үедээ улам хүчирхэг, боломж дүүрэн улс орон болгон үлдээх явдал билээ.

Та бүхэндээ анхдугаар үндсэн хуулиа баталж, Дэлхий нийтэд Монгол Улсаа тунхаглан зарласан түүхэн өдрийн мэндийг хүргэе.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.