Агаарын тухай хуулийн 16 дугаар зүйл болох Агаарын чанарыг сайжруулах бүсэд хориглох зүйлд Монгол Улсын стандартаар тогтоосон экологийн өндөр ангиллаас доош ангиллын, эсхүл уг ангиллын стандартын шаардлага хангаагүй автобензин, дизель түлшийг жижиглэнгээр худалдан борлуулахыг хориглоно гэж заасны дагуу Евро-5 стандартын шатахууныг ашиглах эрх зүйн орчин бүрдсэн.
Монгол Улсад зорчиж байгаа ихэнх автомашинууд Евро-5 стандартын шатахуун хэрэглэх заалттай боловч автомашины техникийн гэрчилгээ дээр бичигдээгүй өөр шатахуун хийснээс болж түлшний зарцуулалт нэмэгдэх, хүч багасах, очлуур хурдан бохирдох, катализатор бөглөрөх, форсунк доголдох, хэт бохир утаа гаргах зэрэг асуудлууд тулгарахаас гадна агаар орчны бохирдолд томоохон нөлөөлөл үзүүлж байна.
Мөн түлш зарцуулалт дунджаар 3% буурч, хөдөлгүүрийн бохирдол 75% хүртэл багасдагийг судалгаагаар тогтоожээ. Тус стандартын шатахуун нь хөдөлгүүрт бүрэн шатдаг учир хөдөлгүүрийн дуу чимээг багасгаж, элэгдлийг бууруулж, эд ангиудад бохирдол үүсгэдэггүй.
Евро-5 стандартын шатахуунд агуулагдах хүхрийн агууламж Евро-2 стандартын шатахуунаас 200 дахин бага байдаг.
2024 оны 9 сарын байдлаар дунджаар нийслэлд нийтийн тээврийн үйлчилгээнд 1191 ширхэг, төрийн үйлчилгээнд 2000 ширхэг тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Эдгээр тээврийн хэрэгслүүд Евро-2 стандартын шатахуунаас Евро-5 стандартын шатахууныг хэрэглээндээ нэвтрүүлбэл олон улсын theaa.com сайтад тавигдсан түлшний судалгаагаар нэгж тээврийн хэрэгсэл км тутамд 1,2 гр CO (нүүрстөрөгчийн исэл), 0,34 гр HC (нүүрсустөрөгчийн исэл)+NOx (Азотын исэл)-ийн агууламж агаарт ялгарахаас сэргийлнэ. Үүнийг нийт 3191 ширхэг тээврийн хэрэгсэлдээ шилжүүлвэл км тутамд 3.8 кг CO, 1,1 кг HC+NOx-ийн агууламж агаарт ялгарахаас сэргийлнэ.
Эдгээр тээврийн хэрэгслүүд өдөрт дунджаар 50 км зам туулж нийслэлийн хөдөлгөөнд оролцдог гэж үзвэл 190 кг CO, 55 кг HC+NOx-ийн агууламж агаарт ялгарахаас сэргийлж чадна хэмээн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.