ХЗБХ: Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны тогтоолын төслийг батлав

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2024 оны намрын ээлжит чуулганы эхний хуралдаан өнөөдөр гишүүдийн 54.5 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Эхлээд Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу төслийг зүйл бүрээр хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Х.Баасанжаргал, Г.Уянгахишиг, Х.Тэмүүжин нар байр сууриа илэрхийлж, зарим асуудлаар тодруулга хийсэн. Гишүүд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтүүдийг нухацтай хэлэлцэж, энэхүү төслийг боловсруулалтыг нягталж, зохицуулалтыг оновчтой томьёолох санал гаргалаа. Түүнчлэн хүнийг албадан түр саатуулахтай холбоотой зохицуулалтын хууль хоорондын нийцлийг хангах шаардлагын талаар хэлж байлаа.

Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд тодорхой саналууд гаргасныг хэлэлцсэний эцэст “Энэ хуулийн 26.1-д заасан хугацааг хүнийг саатуулсан үеэс эхлэн тооцох бөгөөд энэ хуулийн 22.2-т заасныг танилцуулна” гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэн юм. Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.24-т заасныг баримтлан хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын саналыг Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар гаргахад хуралдаанд оролцсон гишүүдийн 58 хувь нь дэмжив. Ингээд Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Дараа нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтыг зарлахтай холбоотой “Сонгон шалгаруулалтын бүртгэлийн хугацааг тогтоож, хүсэлт материал хүлээн авах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Хуралдаанд оролцсон гишүүд төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул батлах санал хураалт явууллаа. Гишүүдийн олонх дэмжснээр “Сонгон шалгаруулалтын бүртгэлийн хугацааг тогтоож, хүсэлт материал хүлээн авах тухай” Байнгын хорооны тогтоол батлагдав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.