Үндэсний хиймэл дагуултай болсноор монгол орны хаанаас ч интернэтэд холбогдох боломж бүрдэнэ

Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслөөс хамгийн эхэнд Үндэсний хиймэл дагуулын төслийг ҮАБЗ-д танилцуулж, УИХ-д өргөн барихад бэлэн болоод байна гэж ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өнөөдөр мэдээллээ.

Тэрбээр мэдээлэлдээ “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан 14 мега төслийг Засгийн газрын хуралдаанд ээлж дараагаар танилцуулж буй. Өнөөдрийн хуралдаанд Үндэсний хиймэл дагуулын төслийг танилцуулсанаар энэ ажил гараанаас гарч байна. Монгол, Франц хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээр тодорхой хугацаанд үргэлжилж, шийдэлд хүрсний дагуу манай улсын Засгийн газар хүлээсэн үүргийнхээ дагуу төслийн 15 хувийг төсвийн тодотголд суулгасан.

Хиймэл дагуул хөөргөснөөр Монгол Улсын газар нутгийг бүрэн хамарсан, орон зайн ялгаваргүй харилцаа холбооны бие даасан сүлжээ үүсгэж интернэт суурьтай бүх төрлийн харилцаа холбооны үйлчилгээг бүх иргэн, аж ахуйн нэгжид үзүүлэх боломж бүрдэнэ. Иргэд малчид E-Mongolia, E-сургууль, E-эмнэлэг гэх мэт үйлчилгээ авах боломжтой болно. Түүнчлэн зөвхөн шилэн кабелийн сүлжээнээс хамаарсан интернэтийн гарцын эрсдэлийг бууруулах, онцгой байдлын үед байнгын харилцаа холбоотой байх, гамшиг ослын эрсдэлийг бууруулах, хот хөдөөгийн иргэдийн тоон ялгааг арилгах, хөдөө, орон нутгийн иргэд, малчдын болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд цахим сургалтад хамрагдах боломж олгох зэрэг олон талын ач холбогдолтой” хэмээн ярилаа.

2023 оны байдлаар хүн амьдрах боломжтой нийт газар нутгийн 23.8 хувь нь газрын болон үүрэн холбооны сүлжээ нэвтэрсэн ба үлдсэн газар нутаг нь ямар нэг сүлжээнд холбогдоогүй байна.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.