Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эдийн засаг, нийгмийн оролцоог дэмжих шинэ хөдөлгөөн эхэллээ


1992 оноос хойш Нэгдсэн Үндэстний Байгууллага жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр” болгон тэмдэглэж ирсэн.

2025 онд дэлхий нийт уг өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн оролцоог дэмжсэн нийгмийг төлөвшүүлж, нийгмийн дэвшлийг урагшлуулах” уриан дор тэмдэглэж байна. Энэхүү уриа нь ХБИ-ийн нийгмийн хөгжилд идэвхтэй, үр дүнтэй оролцоогдэмжих олон улсын зорилгыг илэрхийлж байгаа юм.

Монгол Улсад уг зорилгыг бодитоор хэрэгжүүлэхийн тулд цоо шинэ хөдөлгөөн эхэлсэн бөгөөд энэ талаар УИХ-ын гишүүн О.Саранчулуун:

“Монгол Улсад уг зорилгыг бодитоор хэрэгжүүлэхийн тулд Тэгш Хүртээмж Итгэл Үндэсний зөвлөл “Equality for All” тохирлын стандартыг нээж, ёслолын арга хэмжээг зохион байгууллаа. Шинэ стандарт нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнес эрхлэх орчинд чанар, аюулгүй байдлыг баталгаажуулж, бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд өрсөлдөх чадвартай болгох, санхүүгийн хөнгөлөлттэй бүтээгдэхүүн, зөвлөх үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлнэ.

Тэгш Хүртээмж Итгэл Үндэсний зөвлөл нь ХБИ болон асран хамгаалагчдын эдийн засгийн эрхийг хангах, бизнес эрхлэх боломжийг өргөжүүлэх, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлдэг.
Тус байгууллага ХБИ-ийн бизнес эрхлэх орчныг иргэний нийгэм, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, итгэлцэлд тулгуурлан дэмжиж, тэгш хүртээмжийн шинэ соёлыг Монголд төлөвшүүлэхийг алсын хараагаа болгож байгаа юм.

“Equality for All” стандарт нь:

• ХБИ-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг баталгаажуулах

• Хэрэглэгчдэд итгэлцэлтэй, ил тод, стандартын дагуу үйл ажиллагааг явуулах боломжийг бүрдүүлэх

• Санхүүгийн байгууллагуудтай хамтран хөнгөлөлттэй зээл, бизнесийн даатгал, шошгожуулалт, брэндинг, маркетингийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх

Эдгээр нь ХБИ-ийн бизнесийг тогтвортой хөгжүүлэх, эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэгдэнэ.

Хамтран ажиллагч байгууллагууд

Иргэний нийгмийн байгууллагууд (ТББ): Европ дахь Монгол эмэгтэйчүүдийн хөгжлийн холбоо, Дауны холбоо, Даян дэлхийн Монгол эмэгтэйчүүдийн холбоо, Залуу одонтой ээжүүд ТББ, Санхүү, банкны эмэгтэйчүүд ТББ, МХАҮТ
Хувийн хэвшлийн байгууллагууд: Төрийн банк, Голомт банк
Төрийн байгууллагууд: Гэр бүл, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүний хөгжлийн төв

Энэхүү арга хэмжээ нь ХБИ-ийн бизнес эрхлэлтийг дэмжихээс гадна Монголд тэгш оролцооны шинэ үнэлэмж, соёлыг төлөвшүүлэх чухал алхам болж байна” гэв.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.