Уран бүтээлч 290 буюу М.Төгөлдөр таалал төгслөө

Уран бүтээлч 290 буюу Мөнхбаатар овогтой Төгөлдөр нь 2025 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр зүрхний хүнд өвчний улмаас таалал төгслөө.

М.Төгөлдөр нь 2000 оны гуравдугаар сарын 28-нд Их Британийн Лондон хотод мэндэлжээ. 2017 онд  физик, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай нийслэлийн 11 дүгээр дунд сургуулийг төгсөж, 2023 онд Санхүү, эдийн засгийн их сургуулийг амжилттай дүүргэсэн юм.

Тэрбээр 16 настайгаасаа шүлэг, дууны үг бичиж эхэлсэн бөгөөд “Be my summer”, “Back in the business”, “Чихрийн баглаа”, “Улаанбаатар гунигтай”, “Хөнгөн” гэх зэрэг дуунуудаараа залуусын эчнээ танил болж, 29 дуутай “0” цомгоо сонсогчдод хүргэж байлаа.

290 нь уран бүтээлчээс гадна “Noiton” брэнд болон “Yasha” хувцасны брэндийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч, продюсер, мөн “Har maf” рекордсын артист байв.

М.Төгөлдөр нь уран бүтээлээ туурвиж байсан нэгэн цаг үеийнхээ давтагдашгүй нүүр царай болсон авьяаслаг уран бүтээлч, ээжийн хайртай хүү, найз нөхдийнхөө итгэлт анд, эрхэм нэгэн байв.

Түүний бүтээлч хөдөлмөрч, холын мөрөөдөлтэй, гэр бүл, анд нөхдийнхөө гэрэл гэгээ, түшиг тулгуур болсон хөгжилтэй, ухаалаг, даруу төлөв зан чанар үүрд үгүйлэгдэн, дурсагдан үлдэж байна.

Хайрлаж, дэмжиж ирсэн сонсогчдод нь гүнээ талархал илэрхийлье. Түүний туурвисан хөгжим, уран бүтээлүүд та бидний дунд мөнхөд эгшиглэсээр байх болно.

Түүний гэр бүл, төрөл төрөгсөд, анд нөхөд, үзэгч сонсогчдод гүн эмгэнэл илэрхийлье.

Сайн төрөлд хүрэх зам нь гэгээтэй байг. Эх зам нь гэгээтэй байг.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.