Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, өнөөгийн Ардчилсан намыг байгуулсан 25 жилийн ойн баярыг тохиолдуулан Ховд аймгийн Ардчилсан намаас “Ардчилал” цомын төлөөх үндэсний бөхийн барилдаан зохион байгууллаа.
Бөхийн барилдаанд улс, аймаг, сумын цолтой болон залуу 64 бөх барилдсанаас Ховд аймгийн Дөргөн сумын харьяат Монгол Улсын начин Г.Дармаажанцан түрүүлж, Ховд аймгийн Буянт сумын харьяат Аймгийн арслан Н.Батсайхан үзүүрлэж, аймгийн арслан М.Аманбек, аймгийн харцага Эрдэнэбаяр нар шөвгөрлөө.
Бөхийн барилдааныг нээлтэд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Ховд аймгийн Ардчилсан намын тэргүүн дэд дарга, З.Эрхбаяр мэндчилгээ дэвшүүлэв.. Тэрээр “25 жилийн өмнө Ардчиллын төлөөх намууд нэгдэж байсан бол өнөөдөр Ардчилсан нам хагарал бутрал, алдаа оноондоо дүгнэлт хийж ахин Монголын хөгжил, дэвшлийн төлөө илүү зоригтой, илүү хүчтэй Монголыг хөгжүүлэх, иргэн бүрийн төлөө ажиллах урам зоригтойгоор эргэн ирж байгаа эргэлтийн цэг тохиож байгааг дуулгахад таатай байна” хэмээв.
Мөн тус арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Л.Энхбаяр, М.Баярт, иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Б.Бадрах болон Ховд аймгийн Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Отгонтулга нар оролцлоо гэж Ховд аймгийн ИТХ-аас мэдээллээ.





