2017 онд баталсан Хог хаягдлын тухай хуулийг шинэчлэн батлах хүрээнд дүгнэлт гаргаж санал боловсруулах ажлын хэсэг байгуулаап буй. УИХ-ын 9 гишүүдийн бүрэлдэхүүнтэй тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл ахалж байна.
Ажлын хэсгийн ахлагч Б.Мөнхсоёл:
“Өнөөдөр бид бий болсон хог хаягдлынхаа 97 хувийг газарт булж, ил задгай шатааж байгаагаас болоод байгаль орчны бохирдол нэмэгдэж, хүрээлэн буй орчноор дамжин хүн, амьтны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, экосистем улам доройтож байна. Тэгвэл Дани улс үүний яг эсрэг буюу хог хаягдлынхаа 97 хувийг дахин ашиглах, сэргээн ашиглах, дахин боловсруулах, дулаан, цахилгаан үйлдвэрлэх, хөдөө аж ахуйн бордоо болгох замаар эдийн засагтаа үнэ цэнийг бүтээж, тойрог эдийн засгийг хөгжүүлж байна. Харин нийт хог хаягдлынхаа гуравхан хувийг л газрын хөрсөнд технологийн дагуу булдаг байна.
Манай улсад 2024 оны байдлаар 2.9 сая тонн энгийн хатуу хог хаягдал, 450 орчим тонн аюултай хог хаягдал гарсан байна. Хүн амын тоо өсч, эдийн засгийн цар хүрээ нэмэгдэхийн хэрээр цаашид хог хаягдлын асуудал улам л их сөрөг үр дагаврыг бий болгох нь дамжиггүй. Иймд 2017 онд баталсан Хог хаягдлын тухай хуулийг шинэчлэн батлах хэрэгцээ шаардлага гарсан.
Ажлын хүрээндээ иргэд, орон нутаг, төрийн албан хаагчид, ААН, ТББ-уудын дунд зохион байгуулагдсан гурван удаагийн хэлэлцүүлэгт оролцсон. Түүнчлэн хүсэлт явуулсны дагуу УИХ-д байгуулагдсан ажлын хэсэг нийслэл болон холбогдох яамдын хог хаягдлын талаарх мэдээллийг сонссон болно” гэв.


