Хөгжлийн бэрхшээл, эрүүл мэндийн олон улсын ангиллын хэрэгжилтийн талаар зөвлөлдөх уулзалт болж байна

ОЛОН УЛСЫН АНГИЛАЛ (ICF)-ИЙН ХЭРЭГЖИЛТ, ХЭРЭГЛЭЭНИЙ ТАЛААР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

ICF буюу Үйл ажиллагаа, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэндийн олон улсын ангиллын хэрэгжилт, салбар хоорондын хамтын ажиллагааны талаар оролцогч талуудын зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо 2025 оны 12 дугаар сарын 09-11-ны өдрүүдэд болж байна.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Бие бялдар сэргээн засах судлалын Монголын нийгэмлэг хамтран зохион байгуулсан тус уулзалтыг ДЭМБ-ын хамтын ажиллагааны төв – Хонгконгийн сэргээн засах анагаах ухааны нийгэмлэгийн зөвлөх Шэйла Пурвэс чиглүүлж, ДЭМБ, Канад Улс, Итали Улс, БНХАУ, БНСУ, Австрали Улсын профессорууд ICF-ийг хэрэгжүүлсэн туршлагаа хуваалцлаа.

2023 онд ДЭМБ-ын 54 дүгээр чуулганаар НҮБ-ын гишүүн 191 улс (ICF)-ийг албан ёсоор батлан зөвшөөрч, “Хүний үйл ажиллагаа, хөгжлийн бэрхшээлийг тайлбарлах олон улсын стандарт”-тай болсон.

Энэ стандартыг дэлхийн ихэнх улс орнууд “Клиник ба сэргээн засахын практик, бодлого, хууль, нийгмийн хамгааллын бодлого, статистик ба мэдээллийн систем, боловсрол, сургалт” зэрэгт өргөнөөр нэвтрүүлэн хэрэглэж байна.

ГБХНХЯ-эы мэдээлж буйгаар Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Хөгжлийн бэрхшээлийн үйлдлийн чадамжийг тогтоох олон улсын аргачлалыг үе шаттайгаар нэвтрүүлж, салбар дундын нийгмийн үйлчилгээний нэр төрөл, хүртээмжийг нэмэгдүүлж, мэдээллийн тэгш байдлыг хангана” гэж заасан.

Мэргэжлийн байгууллагуудын тусламж, дэмжлэгтэйгээр Монгол Улс ICF-ийг хэрэгжүүлэх замын зураглалаа боловсруулснаар хөгжлийн бэрхшээлийг дэлхийн бусад орны нэгэн адил тодорхойлох, төрийн үйлчилгээнд нэвтрүүлэх ажил урагшлах юм.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.