Нийгмийн сайн сайхан байдлын үзүүлэлтийг 20 хувиар өсгөнө

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын Удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр Улаанбаатар хотноо болж, салбарын 4893 албан хаагчийг төлөөлж 175 удирдах ажилтан оролцож байна.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хэмжээнд 2025 онд хэрэгжүүлсэн бодлогын гол арга хэмжээ, эрх зүйн шинэчлэлийн явц, тулгарсан сорилт, бэрхшээл болон цаашид анхаарах шаардлагатай асуудлуудаа нягтлан хэлэлцэж, салбарын хөгжлийн дунд хугацааны бодлого, чиглэл, 2026 онд хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээг бодит үр дүнд чиглэсэн, ажил хэрэгч байдлаар хамтран зөвлөлдөж байгаа юм.

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт манай салбар хариуцан хэрэгжүүлэх 62 зорилтын 104 арга хэмжээ тусгагдсанаас 2025 оноос хэрэгжсэн 100 арга хэмжээ, 2026 оноос хэрэгжих 3 арга хэмжээ, 2027 онд хэрэгжих 1 арга хэмжээ байна.

“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд үндэсний 10 үр дүнг тодорхойлсны 3 нь тус салбарын гүйцэтгэл, үр дүнгээс шууд хамаарахаар байна. Үүнд:

-Чанартай, хүртээмжтэй боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг иргэн бүрд тэгш хүргэж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн хүний нөөцийг бэлтгэн, хүний хөгжлийн үзүүлэлт 0.756 байгааг 0.813 оноонд хүргэх;
-Хөдөлмөрийн харилцаа, цалин хөлс, нийгмийн даатгалын уялдаа холбоог сайжруулж, зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар дундаж давхаргын эзлэх хувь тооцохгүй байгааг тооцож, 2030 онд 20 хувиар нэмэгдүүлэх;
-Эрүүл, аюулгүй амьдрах орчин, хүртээмжтэй орон сууц, чанартай нийгмийн хамгааллын үйлчилгээгээр амьдралын чанарыг дээшлүүлж, гэр бүлийн эрүүл тогтвортой байдлыг бэхжүүлж, хүүхдийн хөгжил хамгааллыг шинэ шатанд гаргаж, нийгмийн сайн сайхан байдлын үзүүлэлтийг тооцохгүй байгааг тооцож, 20 хувиар өсгөхөөр ирэх 5 жилийн үр дүнг УИХ-аас батлаад байна.

-Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт 2026 онд дэвшүүлсэн бодлогын зорилт, арга хэмжээг бүх шатандаа нэгдсэн ойлголт, уялдаатай төлөвлөлттэйгээр хэрэгжүүлэх, салбарын шинэчлэлийн зорилтыг бодитой хэрэгжүүлэхийн тулд байгууллагын удирдах ажилтнуудын харилцан ойлголцол, хамтын ажиллагаа, манлайлал нэн чухал болохыг энд онцолсон.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир “Бодлого төлөвлөлт, хэрэгжилт, хяналтын бүх түвшинд иргэн зөвхөн үйлчилгээний хэрэглэгч байх бус, өөрийн амьдралд нөлөөлөх шийдвэрт идэвхтэй оролцох, сонголт хийх, хэрэгцээ, шаардлагаа тодорхойлох боломжийг хангахад анхаарах шаардлагатай. Мөн мэдээлэл, технологид суурилсан, хүртээмжтэй, хялбар, ил тод үйлчилгээний экосистемийг бүрдүүлэх, хүний субъектив үнэлэмж, оролцоо шаардахгүйгээр үйлчилгээ авах боломжийг сайжруулахад салбарын удирдлагууд анхаарч ажиллахыг”-ыг чиглэл болголоо.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.